Энэ оны ес дүгээр сарын 30-нд Баянзүрх дүүргийн тав дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдардаг нэгэн айлаас “Манай дүү нас барсан байна” гэх дуудлагыг цагдаагийн байгууллага хүлээн авсан.
Хэргийн газар очиж шалгахад, тухайн тоотод оршин суух таван настай хүү угаартсан байдалтай нас барсан байв. Харин 29 настай, эрэгтэй Ч гэгч нь ухаангүй, биеийн байдал хүнд Нэгдсэн Нэгдүгээр эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
Тухайн айл нь Монгол гэрт амьдардаг, ердийн галлагаатай, гар хийцийн төмөр пийшин хэрэглэж байв. 9 дүгээр сарын 30-ны 15 цагийн үед бороо ороход яндангаа сугалан авч, пийшингийн яндан орох хэсгийг хуванцар саваар таглаж, өрхөө бүтээсэн нөхцөл байдалтай байсныг урьдчилсан байдлаар тогтоосон.
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.