Монгол Улсын ФАТФ-ын Саарал жагсаалтаас гарсан хэмээн ташаа мэдээлэл түгээсэн Гадаад харилцааны сайд уг мэдээллээ залруулахдаа дахин буруу мэдээлэл түгээв.
Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа "Татварын сайн засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэхэд Ерөнхий хороотой хамтран ажиллах шаардлагатай улсуудын жагсаалт” буюу саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг Ерөнхий хорооны Сангийн сайд нар энэ 6-нд гаргасан болохыг мэдээлсэн.", "Ерөнхий хорооны “саарал жагсаалт” нь ФАТФ-аас тусдаа. Энэ 10 дугаар сарын 6-ны шийдвэр нь Ерөнхий хорооны шийдвэр гэдгийг мэдээлье" хэмээн залруулах гэж оролджээ. Гэвч Саарал жагсаалт бол ФАТФ буюу Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллагаас мөнгө угаах эрсдэлтэй орнуудыг үнэлдэг систем. Манай улс уг байгууллагын Саарал жагсаалтад орсон. Харин Европын холбооны Саарал жагсаалтад ороогүй.
Европын Комисс хууль бус мөнгө угаах эрсдэлтэй орнуудын эсрэг авах арга хэмжээгээ чангатгаж, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх шинэ байгууллага бий болгохоор энэ оны тавдугаар сард шийдвэрлэсэн. Энэ хүрээнд уг жагсаалтдаа Монгол Улсыг багтаагаад байсан бөгөөд уг жагсаалтаас гараагүй байгаа гэдгийг ГХЯ-наас мэдээлэв. Гэтэл Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хольж, хутган "Саарал жагсаалт" гэсэн үг хэллэг ашиглан ташаа мэдээлсээр байна.
Нэмэлт мэдээлэл: ФАТФ-ын Саарал жагсаалтад Монгол Улсыг 2019 оны аравдугаар сард албан ёсоор оруулсан бөгөөд тус байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлээд явж байгаа билээ. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт ФАТФ-ын төлөөллүүд манай улсад ирж газар дээрх үнэлгээ хийгээд буцсан ба Саарал жагсаалтаас гарах эсэх шийдвэр аравдугаар сарын сүүлчээр гарах хүлээлттэй байна.
Харин Европын холбооны тухайд Монгол Улсыг татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын Хар жагсаалтдаа 2017 оны арванхоёрдугаар сарын 5-нд оруулсан байснаа ийнхүү 2020 оны аравдугаар сарын 7-нд гаргасныг ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын зөвлөх Б.Мандахбилэг тайлбарлалаа.
эх сурвалж: factcheck.mn