Байгальд ээлтэй дахин боловсруулах үйлдвэрийн технологийг Монголд нутагшуулж, хаягдал нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсад экспортлох төслийн эхлэл өнөөдөр /2020.06.10/ тавигдаж байна. “Эрдэнэс Монгол” ХХК болон БНКАЗУ-ын “Эрдэс түүхий эд боловсруулах иж бүрэн цогцолбор төв”, ХБНГУ-ын “Металл хайлш боловсруулах ICMD интернэйшнл холдинг” компани, “Коэус консалтинг” компани хооронд 4 талт санамж бичиг байгуулав. “Эрдэнэс Монгол” ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал П.Ганхүү, ХБНГУ-ын “Металл хайлш боловсруулах ICMD интернэйшнл холдинг” компанийг төлөөлж Монгол дахь төлөөлөгч Н.Цэнд-Аюуш нар гарын үсэг зурлаа. Санамж бичиг байгуулснаар Монголын уул уурхайн салбарт байгаль орчинд ээлтэй, шинэ инновацийн төслийг хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Нүүрсний уурхайн ашиглалтын явцад цахилгаан станц болон хувь хэрэглэгчийн шаардлагад нийцэхгүй бага илчлэгтэй нүүрс их гардаг. Тухайлбал, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайгаас гэхэд жилд 300 мянга орчим тонн цахилгаан станцад ашиглах боломжгүй нүүрс гардаг байна. Харин тэрхүү нүүрсийг ашиглан төмөр, хөнгөн цагаан, цахиурын нэгдэл болох метал хайлш үйлдвэрлэх боломжтой. Тиймээс төслийн хүрээнд хайлшийн үйлдвэр болон цахилгаан станц барих бөгөөд техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх зорилгоор уг санамж бичгийг байгуулж байна.
Үйлдвэрийн түүхий эд болох хаягдал овоолсон нүүрсийг Шивээ-Овоо нүүрсний уурхайгаас бүрэн хангана. Байнгын алдагдалтай ажиллаж ирсэн Шивээ-Овоогийн уурхайн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд энэхүү ажил чухал ач холбогдолтой гэдгийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү тодотгосон. Төслийн хүрээнд баригдах цахилгаан станцын Техник, эдийн засгийн үндэслэлийг “Эрдэнэс Монгол” компани боловсруулах бол Казакстан, Германы тал хайлш боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах юм байна.
Дашрамд дурдахад, метал хайлш нь ган төмөрлөгийн үйлдвэрт хэрэглэх гол түүхий эд болохын хувьд ОХУ, БНХАУ, Япон, Энэтхэг зэрэг орны төмөрлөгийн үйлдвэрийн салбарт ихээхэн хэрэгцээ шаардлагатай байгаа аж.