УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Соёлын сайд С.Чулуун танилцуулав. Монгол киног дэлхийн зах зээлд өрсөлдүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, кино урлагийн салбарыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх эрх зүйн орчин бий болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулсан бөгөөд төрөөс кино урлагийг хөгжүүлэх талаар бодлогын чиглэл, зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагын эрх үүргийг болон кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх, кино урлагийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудлыг зохицуулахаар тусгажээ. Хуулийн төслийг дагалдуулан Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Соёлын сайд С.Чулуун, “Дэлхийн улс орнууд өөрийн кино урлагийг зохицуулсан хуультай байдгийг дурдаад, бүс нутагтаа кино урлагийн чиглэлээр хууль батлаагүй цорын ганц улс бол Монгол хэмээв. Тэрбээр, соёл, урлагийн салбарт эрэмбэлж дугаарласан асуудал байхгүй бөгөөд бүх салбарт хэрэгжүүлэх бодлого, байр суурь, гарах үр дүнг төлөвлөсөн, гурван ч хуулийн төсөл өргөн барьсан” хэмээв.