Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв /ГССҮТ/ гэмтлийн яаралтай тусламж, үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлээр Улсын Нэг, Хоёр, Гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичиг Эрүүл мэндийн сайдын өнгөрсөн наймдугаар сард гаргасан удирдамжийн дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах зорилготой юм.
ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, “Манай төв гэмтлийн бүхий л төрлийн үйлчилгээг Монголынхоо гурван сая иргэнд үзүүлдэг ганц эмнэлэг. Гэмтлийн яаралтай тусламж, үйлчилгээ авах иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаагаас манай эмнэлэгт төвлөрөл үүсэж, иргэдийг чирэгдүүлэх явдал их байна. Тиймээс төвлөрлийг сааруулах, иргэдэд хүрэх эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахаар гэмтлийн яаралтай тусламжийн үйлчилгээг ирэх сараас дээрх хоёр эмнэлэгт үзүүлнэ. Лавлагаа, шатлалын эмнэлэг яаралтай тусламжийн нэгдсэн тасгуудтай учир гэмтлийн эмнэлгийн тусламжийг хоёрдугаар шатанд хүргэх боломжтой. Мөн гэмтлийн чиглэлээр дагнасан нарийн мэргэжлийн эмч нар ажилладаг учир нэмж шаардлагатай боловсон хүчинг хамтран бэлтгэхэд анхаарна. Бидний хувьд цаашид энэ үйлчилгээг улам өргөжүүлэх зорилготой ажиллаж байна” хэмээв.
Санамж бичиг байгуулах ёслолд УНТЭ-ийн ерөнхий захирал Н.Лхажий, УХТЭ-ийн ерөнхий захирал С.Энхболд болон бусад албаныхан оролцлоо.