Прокурорын байгууллагын энэ оны гуравдугаар улирлын хяналтын ажлын тухай УПЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа өнөөдөр мэдээлэв.
Хэвлэлийн хурлын үеэр “Ял эдлүүлэх ажиллагаа”-нд тус байгууллагаас тавьсан хяналтын ажиллагааны үр дүнгийн тухай танилцуулсан юм.
Тэрбээр хэлэхдээ “Прокурорын газраас хорих ял цагдан хорих, саатуулах, баривчлах шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж буй эсэх болон дагаж мөрдөх хууль журмыг зөрчсөн эсэхэд шалгалт хийлээ. Шалгалтын явцад ял эдлүүлэх ажиллагаанд мөрдөгдөж буй хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 2038 зөрчлийг илрүүллээ. Эдгээр зөрчлийг арилгуулах, давтан гаргахгүй байхын тулд 131 шаардах бичиг бичиж, тохирох арга хэмжээг хуулийн дагуу авав. Хуульд заасан үүргээ биелүүлээгүй 51 албан хаагчид сахилгын хариуцлага тооцуулсан” гэлээ.
Мөн өмнөх оныхтой харьцуулахад, хяналт тавьсан хорих ял эдэлж байгаа хоригдлын тоо 650 буюу 11.9 хувиар, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн ялтан, тэнсэн, албадлагын арга хэмжээ болон зөрчлийн хэргээр шийтгүүлсэн хүний тоо 4419 буюу 25.5 хувиар нэмэгдсэн байна. Мөн прокурор хоригдлыг хугацаанаас нь өмнө суллаж, хяналт тогтоох, дүрэм өөрчлүүлэх, ял солиулах түүнчлэн ял оногдуулахаар бичсэн дүгнэлтийн тоо 321 буюу 19.7 хувиар, Тэнсэх албадлагын арга хэмжээ авахуулсан хүнээс шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн этгээдэд ял оногдуулахаар 63 дүгнэлт бичиж, шийдвэрлүүлсэн нь 45 буюу 3.5 хувиар нэмэгджээ.