2020 оны гуравдугаар улирлын АЖЛЫН талаараа прокурорын байгууллага мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр сэтгүүлч Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилж байгаа эсэх талаар тодруулахад "Эрэн сурвалжлах ажиллагааг мөрдөх байгууллагууд гүйцэтгэдэг. Мөрдөх байгууллагууд мөрдөн байцаах ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байгаа. Шилжүүлж авах тухай асуудлаар холбогдох байгууллагад хандсан" гэв.
Нэмж мэдээлэл хүргэхэд, Прокурорын газар энэ оны гуравдугаар улирлын байдлаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нийт 570 хэрэгт хяналт тавьжээ. Үүнээс 273 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт хяналт тавьсан мөрдөн байцаалтын хэрэг 5.7 хувиар, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн тоо 9.9 хувиар нэмэгдсэн байна.