Махатма Гандийн мэндэлсний 150 жилийн ойн хүрээнд Монголбанк дэлхий ертөнцөд нөлөө үзүүлсэн улс төрийн зүтгэлтнүүдийн оролцсон "Хувьсгалчид" цувралынхаа нэг хэсэг болгон дурсгалын алт, мөнгөн зоос гаргажээ.
Зоосны нүүрний урд талд Махатма Гандийн хөрөг зургийг Энэтхэгийн уламжлалт хувцас, хади курта өмссөн байдалтай, ар талд нь Төвбанкны 1000 төгрөгийн тэмдгийг хоёр талд босоо байдлаар монгол үсгээр байрлуулсан байна.
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Энэтхэгийн Элчин сайдын яам, Монголбанкны туслалцаатай Махатма Гандийн дурсгалын зоосыг нээх ёслолыг ГХЯ-ны Номин танхимд энэ сарын 2-нд зохион байгуулав. Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин энэхүү үйл ажиллагаа хоёр орон дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэхтэй давхцаж байгааг онцлов.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн олон улсын харилцаанд Махатма Гандигийн хүч үл хэрэглэх философи, стратеги анхдагч хэвээр байгааг дурдаад дайсагнал, үл ялгаварлан гадуурхахын эсрэг нийгмийг бий болгоход үнэтэй хүчин чармайлт гаргасан талаар тэмдэглэв.
Энэ үеэр Энэтхэгийн "Будда" олон ангит кинонд монгол дууг дуулсан дуучин Э.Ариунбилэг Гандийн хамгийн дуртай дуулал "Вайшнав Жана те" -г дуулж сонирхууллаа. Түүнчлэн монгол хэлээрх Гандийн эшлэлүүд болон Оскарын шагналт киноны трейлер, “Ганди” киног монгол хадмал орчуулгатайгаар толилуулсан юм.