Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Жаст”-ын Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралдааны өнөөдөр 09.00 цагт эхэлсэн. Шүүх хуралдааны эхний өдөр өглөө 09.00 цагаас оройн 21.00 цаг хүртэл үргэлжилж, зургаан шүүгдэгчид яллах дүгнэлтийг танилцуулснаар өндөрлөжээ.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долдугаар сарын 24-ний өдөр хэлэлцсэнээс хойш хоёр удаа хойшилж өчигдөр хэлэлцэж эхлээд байна.
“Жаст групп”-ын захирал ажилтай Ш.Батхүү нар нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна. Түүнийг хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, гарын үсэг, хэвлэмэл маягт ашиглан залилах, хуурамч баталгаа гаргах, өмч хөрөнгийг бусдад шилжүүлэх, үнэгүйдүүлэх зэрэг байдлаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан залилан, санхүүгийн луйврын долоон төрлийн гэмт хэргийг үйлдсэн хэмээн буруутгагдаж байгаа юм. Тухайлбал, Олон Овооттой холбоотой зээлийн төлбөрийн луйвар болон уг луйврын улмаас Хадгаламж банк буюу одоогийн Төрийн банкийг хохироосон хэрэг болон Эдуард Сүрэн, Г.Алтантай нийлэн үйлдсэн гэх залилангийн хэрэг зэрэг, "Мах Маркет ХХК”, “Жаст Ойл ХХК”, “Олон овоо ХХК”-ийн хувьцаа, “Жаст групп ХХК”-ийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлэн үнэгүйдүүлсэн, “Стандарт банк”-наас хуурамч материал бүрдүүлж зээл авсан, Эрдэнэт үйлдвэрт хохирол учруулсан зэрэг залилан, луйврын хэрэг үйлджээ.