Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан ажлын багийн анхдугаар зөвлөлдөх уулзалт өнөөдөр цахимаар боллоо.
Уулзалтад манай талаас ГХЯ болон холбогдох төрийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцсон бөгөөд Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны бодлогын газрын удирдлага, мөн Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болох Армен, Беларусь, Казахстан, Киргиз, Оросын төлөөлөгчид оролцов.
ОХУ болон Беларусь, Казахстан, Киргиз, Арменийг багтаасан 184.3 сая хэрэглэгчтэй, гадаад худалдааны нэгдсэн бодлого, горим бүхий, гаалийн нэгдсэн зохицуулалттай Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь газар нутгийн хувьд ойр дөт, аж ахуйн уламжлалт харилцаа холбоотой энэ бүс нутагтай худалдааны алдагдлыг бууруулах, хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлж харилцан ашигтай ажиллах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой болно.
Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан ажлын баг байгуулах саналыг Монголын тал 2016 оноос тавьсан. Үүний үр дүнд Евразийн эдийн засгийн комиссын Зөвлөлийн 2020 оны есдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажлын баг байгуулах асуудлыг дэмжсэн шийдвэр гарсан.