Допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн бөхчүүдийн барилдах эрхийг хоёр жилээр хасч, энэ жилийн улсын их баяр наадмаар хүртсэн цол, чимгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хураах болно.
Үндэсний бөхийн салбар хорооноос энэ сарын 5-нд мэдэгдэл хийн Ардын хувьсгалын 99 жилийн улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхийн допингийн шинжилгээний хариуг танилцуулсан юм. Энэ жилийн улсын их баяр наадмаар зургаа даван Монгол Улсын харцага цол хүртсэн Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Б.Бат-Оршихын шинжилгээний дээжээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт-2020”-д орсон S1.1 бүлгийн треболон, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн ацетазоламид буюу шээс хөөх эм илэрсэн бол зургаа даван чимэг нэмсэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат улсын арслан Р.Пүрэвдагвын шинжилгээний дээжээс S1.1 бүлгийн норандростерон, дростанолон болон S4 бүлгийн тамоксифен, найм даван үзүүрлэсэн Увс аймгийн Ховд сумын харьяат улсын аварга Н.Батсуурийн дугаартай шинжилгээний дээжээс S4 бүлгийн триметазидин гэх зэрэг хориотой эмийн жагсаалтанд бүртгэгдсэн бодисууд илэрснийг мэдээлсэн.
Мөн Ерөнхийлөгч зарлиг гаргавал улсын аварга Н.Батсуурьд өвдөг шороодсон бөхчүүд цол ахина.