Энэ сарын 4-нд Монголын 21 алба хаагч энхийг сахиулахаар Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсыг зорилоо. НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагааны аравдугаар ээлжид үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг үдэх ажиллагаа Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болов.
Монгол Улс анх 2002 онд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож, хоёр зэвсэггүй цэргийн ажиглагчийг Баруун Сахар дахь нийтийн санал асуулга зохион байгуулах НҮБ-ын ажлын хэсэгт илгээж байсан түүхтэй. Үүний дараа тун удалгүй Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс дахь НҮБ-ын төлөөлөгчийн газар хоёр ажилтан нэмж илгээж байв. Түүнээс хойш Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд тогтмол ордог болж дэлхий даяар зэвсэгт хүчний төлөөлөгчдөө илгээдэг болсон юм.