“Ногоон технологи 2020” өдөрлөгийн нээлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.
2013 оноос эхлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ард иргэдийн ногоон технологийн талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, ач холбогдлыг ойлгуулах, байгальд ээлтэй бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах зорилгоор “Ногоон технологи” өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
Өдөрлөгөөр ногоон технологийг дэмжих бодлого, татварын хөнгөлөлт зохицуулалт, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ, техник технологи бүтээгдэхүүн импортлогчдод учирч буй бэрхшээл болон эрчим хүчний шөнийн хөнгөлөлттэй тариф, ногоон зээлийн талаар танилцуулж, санал бодлоо солилцон, гарц шийдлийн талаар хэлэлцсэн юм. Түүнчлэн “Ногоон технологи 2020” өдөрлөгөөр хоёр өдрийн турш байгальд ээлтэй бараа бүтээгдэхүүнийг танилцуулах үзэсгэлэн худалдаа үргэлжлэх юм.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Манай улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж байгаа 10 улсын нэг болоод байна. Үүнээс үүдэн байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэх, бэлчээрийн доройтол, хуурайшилт, түймэр, усны нөөц, цөлжилт гээд олон сөрөг үр дагаврууд бий болж байна. Иймээс уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд шинэ технологи нэвтрүүлж, аль болох үүнээс урьдчилан сэргийлэх, улмаар дасан зохицох шаардлага бодитоор бий болоод байна. Үүнд ногоон технологи өдөрлөг үр дүнгээ маш их өгдөг. Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн, шинэ технологийг сурталчлан таниулах, улмаар ард иргэд эдгээрийг хэрэглээндээ нэвтрүүлэх нь бидний уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийж болох нэг алхам юм” гэв.
Харин НҮБ-ийн Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алейк Хэйнкс, “Бид монгол хүүхэд бүрийг эрүүл, аюулгүй, аз жаргалтай, цэвэр, тохилог орчинд өсөн бойжиход бүх анхаарал, чиглэлээ хандуулан ажилладаг. Ногоон технологи үзэсгэлэн бидний зорилго, чиглэл нэгтэй учраас НҮБ-ийн “Хүүхдийн сан” өнөөдөр энэхүү үйл ажиллагаанд хамтран оролцож байгаадаа баяртай байна. МУ-ын Засгийн газар, БОАЖЯ хамтран өнгөрсөн жил агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан. Цаашдаа агаарын бохирдлыг бүр мөсөн арилгах, эх хүүхдэд үзүүлж байгаа хортой нөлөөг үгүй болгоход айл бүр нүүрсний хэрэглээнээс татгалзах, байгальд ээлтэй технологид суурилсан ахуйн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэж занших зайлшгүй шаардлагатай. Тиймээс өнөөдрийн өдөрлөгт иргэн бүр хүрэлцэн ирж, байгаль дэлхийдээ хор хөнөөлгүй, амьдрах ая таатай боломжийг тань нэмэгдүүлэх эдгээр бараа, бүтээгдэхүүнтэй танилцаж, хэрэглэж эхлээсэй гэж хүсэж байна” гэлээ.
Мөн агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн байгальд ээлтэй ногоон төсөл, үйл ажиллагааг дэмжих зорилгоор зээлийн хүүгийн татаасыг олгон, иргэд, аж ахуйн нэгж байгууллагад жилд 8 хувийн хүүтэй ногоон зээлийн үйлчилгээг Хас банк, Хаан банк, Төрийн банктай хамтран 2 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа.
Энэхүү ногоон зээлийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур авах, гэр байшингаа дулаалах, стандартын шаардлага хангасан эко жорлон, ариун цэврийн байгууламж суурилуулахад зориулж 224 иргэн, 43 аж ахуйн нэгжид 6.8 тэрбум төгрөгийн ногоон зээлийг олгоод байна. Энэ ажил энэ жил ч мөн үргэлжлэх юм.