Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, “Арменийн цэргүүд манай нутаг дэвсгэрийг орхихоос нааш Азербайжаны цэргүүд зэвсгээ буулгахгүй. Бид эцсээ хүртэл тулалдана” хэмээн мэдэгдлээ. Хоёр улсын дунд зэвсэгт мөргөлдөөн удаа дараалан болж байсан ч энэ удаагийн мөргөлдөөн хурц байдалтай байна. Энэхүү зэвсэгт мөргөлдөөний улмаас 100 гаруй хүн амь эрсдлээ. Үүний дунд энгийн иргэд ч байсан юм.
Ажиглагчид хоёр орны зөрчлийг дайн болтлоо даамжрах вий гэж эмээж буй юм. Франц, Турк зэрэг орны эрх баригчид байр сууриа илэрхийлээд байна. Азербайжаны “мөнхийн түнш” гэгдэх Турк улс Азербайжаны талыг дэмжинэ гэлээ. Харин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон асуудалд нухацтай хандахыг Туркээс хүсжээ. Францын хэдэн зуун мянган иргэн армен гаралтай бөгөөд Франц улс өдгөө 1992 онд Азербайжан, Армений зөрчлийг шийдвэрлэхээр байгуулсан Олон улсын аюулгүй байдал, хамтын ажиллагааны Европын асуудал эрхэлсэн хорооны харьяа байнгын зөвлөлийг тэргүүлж байгаа юм.