“Рио Тинто” ХХК-ийн Монгол дахь салбар болон “Оюу толгой” ХХК-ийн санхүүжилтээр НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлэх “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн нээлт өнөөдөр боллоо. Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хот болон Өмнөговь, Дорноговь аймагт “COVID-19” халдварын оношилгооны PCR лаборатори байгуулах юм.
Монгол Улсын эрүүл мэндийн салбарын “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх ажилд туслах зорилгоор “Рио Тинто” ХХК-ийн Монгол дахь салбар болон “Оюу толгой” ХХК-иас 602 мянган ам.доллар буюу 1.7 тэрбум төгрөгтэй дүйх буцалтгүй тусламжийг НҮБ-ын Хүн амын санд олгожээ.
Нээлтийн үеэр Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикава хэлэхдээ, “Дэлхий дахинаа нүүр тулаад буй цар тахлын үед эрүүл мэндийн үйлчилгээг тасралтгүй үргэлжлүүлэх нь нэн чухал юм. Төслийн хүрээнд нэвтрүүлэх телемедицин үйлчилгээний ачаар жирэмсэн эхчүүд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг эмчийн хяналтад байх шаардлагатай иргэд хол зам туулахын оронд гэрээсээ, аль эсвэл анхан шатны эрүүл мэндийн төвөөсөө өөрт хэрэгтэй тусламж үйлчилгээг авах боломжтой болно. Ингэснээр иргэдийн дунд “COVID-19” халдвар гарсан тохиолдолд эмнэлэг орж эрүүл мэндээ эрсдэлд оруулахаас сэргийлэхээс гадна эрүүл мэндийн үйлчилгээ ямар ч үед тасалдахгүй байх боломж бүрдэж байна” хэмээв.
Төслийн хүрээнд сум, баг, хороодын анхан шатны эрүүл мэндийн төвийн эмч нарыг зайн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай багаж, хэрэгсэл, программаар хангах юм. Мөн анхан шатны эмч нарыг мэдээлэл, харилцаа холбооны технологиор дамжуулан нарийн мэргэжлийн эмч нартай холбогдож зааварчилгаа, чиглэл авахад шаардлагатай чадвар олгох сургалтад хамруулна.
“Рио Тинто” ХХК-ийн Монгол дахь салбарын Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Х.Амаржаргал хэлэхдээ, “Манай компани ажилчдынхаа болон үйл ажиллагаа явуулж буй орнуудын иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, орон нутгийн болон үндэсний эдийн засагт хувь нэмрээ оруулах, харилцагчдынхаа хэрэгцээг хангах ажлаа тасралтгүй үргэлжлүүлэхэд анхаардаг” гэдгийг тодотгосон юм.
Дөрвөн эмнэлэг PCR лабораторитой болсноор “COVID-19” халдвар төдийгүй томуу, томуу төст өвчин, эмэнд тэсвэртэй сүрьеэ, бэлгийн замаар дамждаг халдварт өвчин, мөн цоо шинэ болон дахин идэвхжиж буй халдварт өвчнийг түргэн шуурхай оношлох хүчин чадал нэмэх юм. Энэхүү төслийг 2021 оны эхний улиралд багтаан хэрэгжүүлнэ.