Солонгос улсад амьдарч байсан гурван Монгол залуу архидан согтуурч нэгнийхээ амь насанд хүрсэн байна.
Хэргийг тодруулбал, Өмнөд Солонгосын Гангвон мужийн Дунгхэ хотод оршин суудаг монголчууд мөнгөний асуудлаар хоорондоо маргалдан, нэгнийгээ зодож, хороосон хэрэг есөн сарын 21-ний өдөр гарсан талаар БНСУ-ын хэвлэлүүд мэдээлж эхэлжээ. Монгол улсын иргэн 22 настай А болон 38 настай Б нар, хохирогч 48 настай С-тэй архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргалдаж байгаад улмаар иргэн С-г зодож, амь насыг нь хөнөөсөн байна.
Тус дүүргийн цагдаагийн газар хэргийн газарт очиход “сөжү” болон бусад согтууруулах ундааны шил, лааз их хэмжээгээр байжээ. Мөрдөн байцаалтын явцад хохирогч С хамт амьдардаг байсан А болон Б-д зээлдүүлсэн мөнгөө авахыг хүсэхэд нь тэд уурлан, түүнийг нийлэн зодож, амийг нь хөнөөсөн болохыг тогтоожээ. Цагдаагийн байгууллагаас А, Б нарыг энэ сарын 29-ний өдөр прокурорт шилжүүлжээ