Захиргааны хэргийн шүүхээс “Хөдөлмөрийн үндэсний нам"-ын орон нутгийн сонгуульд оролцох эрхийг түдгэлзүүллээ. Үүний улмаас тухайн намын 27 хүн өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авах боломжгүй болсон юм. Өөрөөр хэлбэл, намын гишүүдэд ямар нэгэн үндэслэл хэлэлгүйгээр орон нутгийн сонгуульд оролцуулахаас татгалзсан байна.
Захиргааны хэргийн шүүхийн уг шийдвэрийг эсэргүүцэн “Хөдөлмөрийн үндэсний нам”-ын гишүүд Сүхбаатарын талбайд жагсаж байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: “Хөдөлмөрийн үндэсний нам”-ыг сонгуульд оролцуулахаас татгалзаж байгаа нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө байх уу үгүй юу гэдэг ирмэг дээр ирснийг харуулж байна. Бид өнөөдөр ардчиллаа хамгаалахаар энд цуглаад байна. Бид нартай нэгдэж сонгуульд оролцохгүй бол ямар ч сонгуульд оролцуулахгүй гэдэг мессеж бидэнд тодорхой харагдаж байна. Ардчилсан нам, түүний цаана Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байгааг шууд хэлье. “Хөдөлмөрийн Үндэсний Нам” орон нутгийн сонгуульд оролцохоор бүх баримт бичгээ Нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлсэн. Гэтэл Нийслэлийн сонгуулийн хорооны бүртгэх тухай шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхийн нэг шүүгч өчигдөр захирамж гаргаад зогсоосон. Нэр дэвших үйл ажиллагаагаа зогсоочих. Бид дараа нь шийдэж өгье гэдэг хөгийн улс төр хийж байна. Захиргааны хэргийн шүүхийн энэхүү шийдвэр нь Нийслэлийн сонгуулийн хороог үйл ажиллагаагаа зогсоо гэсэн үг юм” гэв.
Харин, ХҮН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга, “АН-аас Пүрэвдаваагаар дамжуулан орон нутгийн сонгуульд хамтарч оролцох санал тавьж байсан. Бид зөвшөөрөөгүй. МАН-аас бусад бүх намыг нэгтгэж сонгуульд оролцох гэсэн АН-тай хамтраагүй учраас манай намыг сонгуульд оролцуулахгүй гэдэг шийдвэр гаргуулж байна” гэлээ.