УИХ-ын гишүүн Д.Батлут, Ж.Чинбүрэн нар Орхон аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газартай хамтран “Эрүүл Эрдэнэт хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр Орхон аймагт Монгол Улсын хамгийн шилдэг эмч нар 3-6 сараар байрлан ажиллах нөхцөл бүрдэж байна.
Санамж бичигт гарын үсэг зурах үеэр УИХ-ын гишүүн Д.Батлут хэлэхдээ “Эрдэнэт хотод ажиллах эмч нарт 5 сая төгрөгийн цалин олгож, байрлаж ажиллах хугацаандаа амьдрах байрны асуудлыг шийдвэрлэнэ. Дээрх ажлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ” гэсэн юм.
Уг ажил нь 2024 оны 12-р хүртэл үргэлжилнэ. Үүний үр дүнд орон нутгийн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд шилдэг эмч нараас суралцах боломж бүрдэхээс гадна эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж бодитоор нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм байна. Орхон аймгаас жилд дунджаар 10 мянга орчим иргэн Улаанбаатар хотыг зорьж эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагддаг байна.
“Эрүүл Эрдэнэт хүн хөтөлбөрийн хүрээнд Орхон аймагт байрлаж ажиллах нарийн мэргэжлийн эмч нарыг сонгохдоо өвчлөл, нас баралт хамгийн өндөр байгаа чиглэлийг харгалзана” гэж УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ярилаа.
Орхон аймгийн төр захиргааны байгууллагаас хүний хөгжилд чиглэсэн бодлого хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Тухайлбал, сүүлийн 4 жилд эрүүл мэндийн салбарт орон нутгаас 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Үүний үр дүнд элэгний B, C вирус эмчлэгдсэн хүний тоогоор Монгол Улсад нэгт жагсаж байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ нь ирээдүйд элэгний хатуурал, хавдартай болох эрсдэлтэй байсан хүмүүсийг эрт илрүүлж, эмчилсэн үзүүлэлт гэсэн үг юм.