Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жил, парламентын Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн хос ой энэ жил тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Улсын Бага Хурлаас эхтэй Монгол Улсын парламент, түүний Тамгын газрын түүхэн замнал, байнгын ажиллагаатай парламентын үүсэл хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан түүхэн хүмүүсийн талаарх дурсамж өгүүлэх “Парламент-30” булан нээж байна.
Шинэ булангийн эхний дугаартаа 1992-1996 оны УИХ-ын гишүүн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, алдарт хоньчин Ц.Намхайнямбууг онцолж, 1992-1996 оны парламентын “нэг ангийн анд” доктор В.Алзахгүйн бичсэн дурсамж тэмдэглэлийг толилуулж байна.
МХЗЭ-ийн Төв Хорооны хэвлэл “Залуу үе” сэтгүүл 1970-аад оны эхээр бүтэн нэг дугаараа Завхан аймгийн Сонгино сумын малчин залуу Цэрэндашийн Намхайнямбууд зориулан гаргав. Хоньчин залуу Ц.Намхайнямбуу нэгдэлдээ төлөөр нь түмэн цагаан хонь өсгөж өгөх амлалт, үүрэг авсан байлаа. 500 эм хонь хариуцан малладаг малчин залуу жил бүр 500-гаас дээш төл бойжуулан 20 жилд энэхүү өндөр амлалт үүргээ биелүүлэх угтвар төлөвлөгөө боловсруулсныг нь МХЗЭ-ийн Төв Хороо дэмжиж, түүний туршлагыг орон даяар нэвтрүүлэхээр ийнхүү бүхэл бүтэн сэтгүүлээ зориулжээ. Сэтгүүлч, зохиолч Жамбын Дашдондогийн бичлэг, гэрэл зураг үнэхээр уншигчдыг байлдан дагуулсан юмдаг. Ингэж Монголын залуучууд хоньчин Намхайнямбуутай эчнээ танил болсон бөлгөө.
Москвад Социалист орнуудын хөдөлмөрчин залуучуудын чуулга уулзалт 1977 оны намар болов. Монголоос тухайн үеийн ёстой л сор болсон залуучууд ирсний дунд Завхан аймгийн хоньчин Ц.Намхайнямбуу байлаа. МХЗЭ-ийн Төв Хорооны нарийн бичгийн дарга Ц.Буянтогтох, Дарханы барилгачин Г.Тэгшжав, Улаанбаатарын нэхмэлчин Ш.Цэрэнжаргал, оёдолчин Д.Цэнд-Аюуш, хоньчин Ц.Намхайнямбуу дөрөвт үйлчлэх үүргийг надад өгөв. Комсомолын дээд сургуулийн хурлын танхимд мөнхүү олон улсын чуулга уулзалт болсон бөгөөд тус сургуулийн оюутан миний бие Ардын Их Хурлын депутат дөрвөн сайхан залуутай дорхноо л найз нөхөд боллоо.
Хошин яриатай, хогжруутсан хацартай хоньчин залуу юм үзэж, нүд тайлсан нэгэн байлаа. АИХ-ын депутатаар сонгогдон, чуулганд чуулж, МХЗЭ-ийн Төв Хорооны гишүүний хувьд олон удаагийн бүгд хуралд оролцсон, яриа хөөрөө нь цэгцэрсэн, амьдралын асар их ухаантай нь алхам тутамд мэдрэгдсэн, энгийн, элгэмсэг нэгэн байлаа.
МХЗЭ-ийн XVII их хурал 1978 оны тавдугаар сард чуулав. Мөнөөх Москвад танилцсан дөрвөн залуу маань дөрвүүлээ Их Хуралд төлөөлөгчөөр иржээ. Их Хурлын өмнөх өдөр Дарханы Г.Тэгшжав, Завханы Ц.Намхайнямбуу, Хэнтийн саальчин С.Аюуш, Улаанбаатарын оёдолчин Д.Цэнд-Аюуш дөрөв БНМАУ-ын хөдөлмөрийн баатар боллоо. Нэгэн зэрэг дөрвөн баатар төрсөн тэр их хурлын нэг төлөөлөгч нь хожмын Монгол Улсын Ерөнхийлөгч, тухайн үеийн Одессийн оюутан Нацагийн Багабанди байж билээ.
Москвад уулзаж танилцсан Намхай, Тэгшээ бид гурав олон жил сайхан үерхсэн. МХЗЭ-ийн олон ч удаагийн их хурал, бүгд хурлын үеэр уулзаж, амин яриа өрнүүлэн, амьдралын сонин сайхнаа хуваалцдаг сан. Тэгж явсаар хамгийн сүүлд 1988 онд болсон МХЗЭ-ийн XIX их хуралд төлөөлөгчөөр оролцож дахин уулзав. Энэхүү их хурлын төлөөлөгчдийг ажиглахад, манай залуучууд илт өсөж хөгжин, яриа хөөрөө нь илэн далангүй, нийгэм, улс төрийн амьдралд илүүтэй шүүмжлэлтэй ханддаг болсон нь илэрхий ажиглагдаж байлаа.
“За одоо ч дахиж залуучуудын арга хэмжээнд оролцохгүй л болов уу. Залуучуудын байгууллагаа залуучууд нь авч яваг ээ. Биднийг одоо хэн залуу гэх вэ” гэж Намхайнямбуу хэлж, бид ч бас санал нэгтэй байгаагаа илэрхийлж байлаа. Энэ их хурлын ерөнхий уур амьсгал нийгэмд болох их өөрчлөлт, тэсрэлтийн дохио өгч байсан юм билээ.
Ингэж явсаар 1990 онтой золгож, бидний гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүргэсэн МХЗЭ хэмээх дайчин байгууллага төрөл арилжин, сураггүй болсон. Харин Намхай бид хоёрын тухайд Улсын Их Хурлын танхимд тохой нийлүүлэн сууж, Нийслэлийн төвд өөд өөдөөсөө харсан хаалганд хөрш болон амьдарч, цугтаа олон жил хамт явахын учрал ерөөл байсан юм билээ.
Улсын Их Хурлын Тамгын газраас манайд хуваарилж өгсөн хоёр өрөө байр Намхайн өөдөөс харсан, манай хоёр дундаа хөршийн хаалгатай, хоёр гэрийн хаалга үргэлж нээлттэй, олон хүүхэдтэй нэг айл шиг л байлаа. Бид өглөөд Засгийн газрын автобаазын жижиг автобусанд багтаж ядан сууж Их Хурлын танхимаа зорино. Орой ажил тараад ихэвчлэн хамт ирнэ. Эртхэн тарвал Намхай бид хоёр голдуу алхана. Сансрын туннелийн урд замаар алхахад заримдаа сүрхий өгсүүр.
Намхай ууцаа үүрээд тайван, удаан алхана. Огт амрахгүй. Дүнгэр, дангар ярилцан хамт алхах их дуртай. Заримдаа замд таньдаг хүн тааралдан, сүрхий саатна.
Баатарын гэргий Б.Жаргал өдөржин хоол, унд төхөөрнө. Зочин, гийчин тасрахгүй. Есийн есөн хүүхэд аяганы тоогоор хоол унд ч тэсгээхгүй. Зарим орой хоёр, гурав дахин хоол хийнэ. Намхай, Жаргал хоёр тусдаа хонь, үхрийн махаар амттай жаахан хоол хийж иднэ. “Борчуудын хоол болоогүй байгаа юм уу” гэж тэдний хүү Жамъяндорж хэлж, биднийг инээлгэж байв.
Намхай чуулганы хуралдааныг нэг минут ч таслахгүй. Тэгтлээ олон таван юм яриад байхгүй мөртлөө үе үе жинтэй дуугарна. Жинхэнэ амьдрал ярина. УИХ-ын дарга Н.Багабанди Намхайг гар өргөж харагдвал заавал үг өгнө. Нэг танхимын нөхөдтэйгөө Намхай жигтэйхэн элэгсэг, дотно харилцана. Хүн бүрт хүндэтгэлтэй хандана. Ялангуяа Ж.Норовсамбуу гуай, Д.Дэмбэрэл дарга, Ж.Уртнасан гуай, Ч.Дашдэмбэрэл ах, Ж.Гомбожав дарга гээд хөдөөд ажиллаж байсан хүмүүсийг илүүтэй хүндэлж байх шиг харагддаг сан. Харин М.Зэнээ бид хоёртой сүрхий ам хална. Хүнийг үгээр явуулахдаа тун сайн. Дорхноо л нэг хошин үг олж хэлнэ. С.Нямзагд, Н.Багабанди хоёрыг “манай хоёр” гээд их дотно хандана. Тэр гурав Завханаас хамтдаа сонгогдож ирсэн байж билээ.
Сонин, ном их уншина. Бас их шүтлэгтэй.Гэрт нь том том лам нар их зочилно. Энэтхэгийн Элчин сайд Бакула Рэнбүчий цагаан сарын шинийн гурванд өөрөө ирж золгоно. Намхайнхаа буянаар би ч бас тэр их ламтантай хоёр гурван жил золгож, ном буянаас нь хүртэж билээ. Зав л гарвал төвд ном уншиж, цээжилж байх. Өдөржин зултай байна. Зул барьсаар байгаад өөрсдийнхөө өрөөний таазыг тортог болгосныг нь хожим манайх тэдний байсан байранд нүүж орохдоо эхнэр бид хоёр будуулж, засуулж билээ. Үсээ дандаа надаар засуулна. Амралтын өдрүүдээр би банди нарын нь үсийг засаж өгнө.
Намхай сан тавьж, адис өгөхдөө их дуртай. 1995 оны хавар УИХ-ын гишүүд бид бараг цөмөөрөө жолоочийн курст суралцаж, их л хөгтэй шалгалт шүүлгээ өгсөн. Шалгалт өгдөг өглөө Намхай манайд орж ирээд сан тавьж өгөх юм болов. Миний инээд хүрээд болдоггүй. “За чи надаар сан тавиулахгүй бол энэ шалгалтыг давахгүй юм байна шүү” гэж билээ. Нээрээ л, тэр өдөр хоёр ч шалгалтад бүдэрч, дараа нь өөрөө гуйж байж хийморийн сан тавиулсан юмдаг.
Ах, дүү, эхнэр, хүүхдүүддээ их хайртай. Хожуу гэрлэсэн болохоор хүүхдүүд нь хэнз талдаа. 1996 он гараад сонгуулийн уур амьсгал орж, манай байрныхан уулзаж зөвлөлдөх нь илт ихсэв. Би дахин сонгуульд оролцохгүй гэдгээ эхлээд Намхайд хэлэв.
-Би хүн муу хэлж чадахгүй. Бас өөрийгөө магтаж чадахгүй. Тэгээд ч гишүүний ажил надад таалагдсангүй. Нүдэнд харагдаж, гарт баригдах юм хийж, олонд тустай явмаар байна. Дээрээ үндсэндээ даргагүй, доороо цэрэггүй, сонгогчдын гуйлга, энэ тэрийг биелүүлэх боломж хомс, дэмий ажил юм. Тэгээд ч энэ танхимд тэгтлээ овойж товойсон ухаантай хүмүүс ч цөөхөн юм гэж хэлбэл их л удаан бодож байснаа:
-Яарч ам нээгээд хэрэггүй. Танай аймгаас А.Базархүү, П.Жасрай гуай хоёр нэр дэвших бодолтой байгаа юм шиг байна лээ. Чи заавал нэр дэвшинэ гээд зүтгээд бай. Сайн ажил амлуулж, нэр дэвших хүмүүсийн “ам өчгийг” нь авч байж нэрээ тат гэж зөвлөж билээ.
Сонгуульд оролцохгүй гэдгээ эртнээс шийдсэн байсан болохоор би нэг дурсгалтай зүйл үлдээе гэж бодоод УИХ-ын тамгыг ногоон хаш чулуугаар хийлгүүлж өгсөн. Ийм тамга хийлгэхийг Н.Багабанди дарга, Ж.Гомбожав дарга хоёр шууд дэмжиж, мөнгө зардлыг нь гаргаж өгсөн юм. Тамга, тамганы хайрцаг хоёрыг урласан дархчууд манайд байнга ирж, бид гурав янз бүрийн зураг, загвар гаргаж суудаг байв. Намхай их оролцоно. “Би чамайг тамга хийлгээд байхаар сонгуульд оролцохгүй хүн юм байна даа” гэж бодож байсан гэдгээ надад тэр хожим нь хошигнон хэлж билээ.
Улсын Их Хурлын гишүүн байсан хугацаа надад олон сайхан нөхөд хайрласан. Ялангуяа 3-А байрныхан хоорондоо ах дүүгийн, найз нөхдийн мөнхийн холбоо хэлхээтэй болсон юм. Ч.Дашдэмбэрэл ах биднийг албан бусаар удирдана. Би Б.Гомбо, О.Шаалуу, О.Батмөнх, С.Батмөнх, Б.Ган-Өлзий, Ж.Жадамба, Н.Жалбажав, С.Төмөр гээд ихэвчлэн өөрийн байрныхантайгаа илүү их үерхдэг байв. Баяр ёслолын үеэр сайхан дарвицгаана. Бас Н.Ганбямба, Р.Одонбаатар, Т.Эрдэнэбилэг гээд дүү нартайгаа ах захын ёсоор харилцана. Мэндийн Зэнээ үе үе манайд ирж хонон өнжин бужигнацгаана. Зэнээ бид хоёр бүр 1988 оны өвөл Москвагаас ирэх замд анх танилцсан, жинхэнэ найзууд байв. Намхай маань Зэнээ бид хоёрыг “ууж, идэхээ багасга” гэж зэмлэнэ. Өөрөө эрүүл мэнддээ онцгой их санаа тавьдаг, жинхэнэ дэглэм сахидаг байсан.
Улсын Их Хурлын гишүүдээс С.Нарангэрэл, С.Нямзагд бид гурав үе үе хамт сууж санал бодлоо солилцоно. С.Нарангэрэл англи, монгол, орос гурван хэлний хууль зүйн толь бичиг туурвисан тул “төсвийн гадуурх орлого” сайтай. Хүн дайлахдаа ч их дуртай. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бид хоёр хоорондоо зөвлөлдөөгүй мөртлөө эсэргүүцэж, том том өгүүллүүд нийтлүүлэн хэсэг хүмүүсийн уур уцаарыг хөдөлгөн, араа соёонд нь нийлээд лавхан зуулгасан бөлгөө. Гэхдээ энэ нь шинжлэх ухаан, үнэнд үнэнч судлаач хүмүүс л үзэл бодлоо илэрхийлсэн хамгийн жирийн үйлдэл байсан юм.
Миний хувьд Их Хурлын танхимд төдийлөн олон дуугараагүй. Гэхдээ “авлига” гэдэг үг миний нотолгоогоор энэ хуулийн нэр болон батлагдаж, бас Боловсролын тухай хуульд олон санаа маань, тухайлбал багш нарт тэтгэвэрт гарахад нь нэг хичээлийн жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох, төрийн ажилтны нэг хүүхдийн сургалтын зардлыг төрөөс хариуцах, машины дугаарыг Цагдаагийн ерөнхий газраас эрх олгосон үйлдвэрт үйлдвэрлэх гэхчлэнгийн санал, санаа маань одоо ч мөрдөгдөж байгаа гээд бодохоор юутай ч үлдэх мөртэй ажилласны илэрхийлэл биз ээ.
Надад мэдэх, мэдэхгүй зүйлээ ярьж, дурангийн хараанд өртөх гэж мэрийх ямар ч хэрэг байгаагүй. Номхон даруу, байдгаараа л байж, унаган багын нөхөдтэйгөө үерхэж, олон сайн хүмүүсээр найз нөхдийнхөө хүрээг тэлж, хожим тэдэндээ чадах ядахын хэрээр дэм тус болж яваа минь миний амьдралын зарчим бөгөөд энэ улаан шугамаас огт хазайгаагүй байсаар өнөөдрийг хүрлээ.
Улсын Их Хурал Ч.Дашдэмбэрэл, Ж.Гомбожав, Ж.Дэлгэрцэцэг, С.Чулуунбаатар, Ш.Чунаг гээд олон сайхан ах нар, Д.Мөнхөө эгч, Д.Лүндээжанцан, Н.Баяртсайхан нарын мартахын аргагүй дүү нарыг надад хайрласан. Олон сайхан нөхөд минь өнөөдөр бидний дунд алга. Гэхдээ тэдний маань үр хүүхдүүд эрийн цээнд хүрч, ач зээ нар нь өсөж өндийн, сайхан аав нарынхаа нэр төр, алдар гавьяа, ажил үйлсийг үргэлжлүүлж байна. Ертөнцийн жамаас хаашаа ч хазайх аргагүй. Зөв нэртэй, зөөлөн зүстэй явсан хүний хожмын явдал цагаан мөртэй, цаасан дээр түүх болон зузаардаг. Манай Намхай, Дэлгэрцэцэг ах, Батмөнх найз, Зэнээ минь, жаахан Төмөр минь ийм л хүмүүс байсан.
Парламентын гишүүн байна гэдэг нэр төрийн хэрэг. Харин албан тушаал ахих, мөнгө хөрөнгөө арвижуулах боломж гэж бодвол тухайн хүндээ дөнгө болон хувирч мэдэх осолтой албан тушаал. Учир нь Төрийн түшээдийг ард түмэн сонгодог. Ард түмний итгэлийг дааж, төр түмэн хоёрыг холбон гүүр болж явах аваас төр, түмэн хоёр хоёулаа хайрлан хүндэтгэж, орой дээрээ, алган дээрээ залдаг тавилантай билээ.
УИХ-ын гишүүн асан доктор, профессор Вандангийн АЛЗАХГҮЙ
Эх сурвалж: "Өдрийн сонин" 2020.09.28 /194/