Үндэсний шинэ номын сангийн урд тулгаж барьсан барилгын үйл ажиллагааг нийслэлийн удирдлагууд, хууль, хяналтын байгууллага хаах арга хэмжээ авч байна.
Энэ талаар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга А. Даваажаргал, “Өнөөдрийн хуралдаанаар тухайн барилга дээр стандартын ноцтой зөрчил илрүүллээ. Ерөнхий төлөвлөгөөний газраас даалгаж өгсөн архитектурын зургийн дагуу барилга баригдаагүй буюу барилгын тэг цэгийг буруу тодорхойлчихсон байна. Үндсэндээ бол барилга нэг талруугаа арван метр гүйсэн хэлбэртэй баригдсан. Энэ нь оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарсан юм. Тиймээс энэхүү барилгын үйл ажиллагааг өнөөдөр зогсоолоо. Мөн тухайн компанийн эзэмшил газрыг цуцлах болсныг мэдэгдэж байна” гэв.
Харин барилгын дэргэдэх 12А, 12Б байрны СӨХ-ийн ажилтан хэлэхдээ, “Энэ барьж байгаа барилгыг оршин суугчид бид Захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Анх барилгын ажил эхлэхдээ л энэ хавийн хүрээлэн буй орчныг бохирдуулж, лаг бохир нь хальж байсан. Оршин суугчид цонхоо онгойлж чадахгүй, хүүхдүүд нь тоглож чадахгүй хүнд байдалтай байсан. Мөн машины гарч орох гарцыг хаачихсан байгаа. Барилгын үйл ажиллагаа зогссон нь маш зөв гэж үзэж байна” гэлээ