Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хэдхэн хоногийн дараа нийслэл, орон нутгийн удирдлагуудаа сонгох хариуцлагатай сонголтын өмнө бид ирсэн байна.
Сонгогчид ИТХ-ын төлөөөлөгчдийг юу хийдэг, эрх үүргийн талаар мэддэггүй учраас сонгуулийн ирц бага байдаг гэсэн судалгаа гарчээ.
Бид сонгогчдын боловсролд зориулж “ИТХ-ын төлөөлөгчдийн эрх үүрэг юу вэ?, түүнийг хэрхэн сайжруулах вэ?” сэдэвт хэлэлцүүлгийг хийлээ.
Зочноор:
- Эрх зүйч Ч.Мэндбаяр
- Улс төр судлаач Б.Сэмжидмаа
- БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч Ө.Сумъябаатар
- Сэтгүүлч Г.Гангамөрөн
Онцлох эшлэлүүдийг хүргэе:
БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч Ө.Сумъябаатар:
- Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг бол нутгийн өөрөө удирдах байгууллага. Монголчууд бидний сонгож авсан ардчиллын тогтолцоо, шууд болон төлөөлөн ардчиллын тогтолцооны үндсэн хэлбэр.
- Судалгаанаас харахад бол иргэдийн 50 орчим хувь нь иргэдийн хурал юу хийдэг талаар ямар ч ойлголтгүй байна. Төлөөлөгчөө та нэрлээч гэдэг хариултад хөдөө орон нутагт харьцангуй өндөр буюу дөрвөн хувьтай. Улаанбаатарт хоёрхон хувьтай гарсан. Бид үүн дээр дүгнэлт хийж цаашдаа яаж явах ёстойг дүгнэх цаг болчихсон байна гэж харж байна. Одоо орон нутгийн Засаг захиргааны нэгжийн тухай хуулийн төсөл явж байна. Чуулган завсарлаад намрын чуулганаар хэлэлцэхээр болсон. Энэ бол үндсэндээ өнгөрсөн 30 жил иргэдийн хурал болж байгаа, болохгүй байгааг маш тодорхой болгох хэрэгтэй.
- Орон нутаг, аймаг, сум, дүүргийн иргэдийн хурал харьцангуй улс төр багатай. Сонгодог утгаараа иргэдээ төлөөлсөн шийдвэр гаргахад оролцоотой байя гэдэг үндсэн философитой. Харамсалтай нь дүүргийн иргэдийн хурал маш их улс төрждөг. Шийдвэр гаргахдаа улсын их хурал шиг л талцдаг. Манай Баянгол дүүрэгт л гэхэд ийм жишиг тогтоод байна. Цөөнхийн бүлгийн төлөөлөгч юм уу, бүлгийн шийдвэрийг өнгөрсөн дөрвөн жилд нэг ч удаа дэмжиж үзээгүй. Маш ажил хэрэгч тодорхой санал тавьсан ч гэсэн дэмжихгүй л гэдэг. Тэгэхээр энэ ажиллах арга барилаа өөрчлөх, эрх зүйн хувьд тодорхой зохицуулалт хийхгүй бол болохгүй байна гэж харагдаад байна.
- Үндсэн мөн чанар нь намыг төлөөлөхгүй, иргэдийг төлөөлж шийдвэр гаргах ёстой. Аливаа асуудал юман дээрээ өөрчлөх болсон байна гэж бодож байгаа. Миний хувьд дүүргийн иргэдийн хуралд цөөнхийн бүлгийн төлөөлөгчөөр ажилласан.
- ИТХ-ын гол үүрэг бол тухайн сум дүүрэгт нь шаардлагатай төсвийг нийслэлийн төсөвт суулгах гэх мэт дээд шатны байгууллагад уламжилж ажиллах, төсөв батлахад хяналт тавих үүрэгтэйгээр оролцдог. Мэдээж дэс дараатай асуудлаа эрэмбэлээд, алийг нь дүүрэг хийх юм, алийг нь нийслэл хийх юм, алийг нь улсын төсвөөр хийх юм гэдгээ маш тодорхой болгох хэрэгтэй. Мөн иргэдээс санал авч, иргэдийн оролцоотой тухайн дүүргийнхээ төсвөө батлах нь зүйтэй юм .
- Манай дүүргийн хувьд иргэдээс санал их авдаг ч түүнийгээ ажил хэрэг болгох тал муу. Төсвөө хэрэггүй ажлуудад зарцуулаад, төсөвтөө маш үрэлгэн ханддаг.
- Төлөөлөгч байхдаа хийсэн тодорхой ажил дурд гэвэл Баянгол дүүргийн 5-р хороон дээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, сонгогдсон их хурлын гишүүндээ уламжилж 10-р хорооллын замын асуудлыг шийдсэн.
- Одоо хуучны орон сууц дулаалгын асуудлыг шийдвэрлэх тал дээр ажиллаж байна. Энэ нь үе шаттай бас улсын төсвөөс санхүүжээд явж байгаа. Дүүргээс миний сонгосон хороон дээр хөрөнгө оруулалтын ажил хийгээгүй. Намайг буюу МАН-ын гишүүн сонгосны төлөө манай хороон дээр төсөв хуваарилахгүй байна гэдэг маш утгагүй асуудал. Яг ингээд асуудал тоочих юм бол бусдыгаа үгүйсгэж байгаа юм шиг болох гээд байна. Цаашдаа бид ажиллах арга барилаа өөрчилж нэг зарчимтай болох шаардлагатай.
- Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нь тухайн дүүргийн иргэн, эсвэл тухайн дүүрэгтээ ажил хөдөлмөр эрхэлдэг байх ёстой. Сонгогдсон тойргоо солиод яваад байдаг асуудал өнгөрсөн жилүүдэд их байсан.
- Бид цөөнхийн бүлэг ч гэсэн асуудалд байнга судалгаатай тооцоотой байя гэж үздэг. Одоо БГД-ийн 25-р хороон дээр тулгамдсан асуудлын судалгаа хийж байна. Дээрээс нь тухайн төлөөлөгч нар, тухайн хорооны засаг дарга нар яаж ажиллаж байна вэ гэдэг дээр нь үнэлэлт дүгнэлт хийдэг. Үүнийг хурал дээрээ танилцуулдаг. Тэрийг харамсалтай нь авч хэлэлцэхгүй байгаа.
- Улаанбаатар хот анх 550 мянган хүнээр төлөвлөлт хийж байсан хот. Асуудал үүсээд даац хэтрээд нөхцөл байдал бүх тал дээр хүнд болчихлоо шүү дээ. Тэгэхээр одоо яаж хурдтай шийдэх вэ гэдгийг хаана хаанаа ярьж хэлэлцэж ажил болгох хэрэгтэй.
- Гэр хорооллоо ойрын хугацаанд орон сууцжуулж чадахгүй юмаа гэхэд дахин төлөвлөж, байшин хороолол болгоё. Нүүрсний бохирдол, утаа, төвлөрөл гээд бүх асуудлыг шийдвэрлэх боломжтой. Дахин төлөвлөлт дээр дэд бүтцийн асуудал хамгийн гол асуудал болдог.
- Манай хот цэвэр ус, цахилгаанаа хангаж чадах уу гээд дараагийн том асуудлууд удахгүй гарч эхэлнэ. Энэ бүхэн дээр төлөвлөгөөтэй, шат дараатай ажиллах хэрэгтэй. Дүүргийн хэмжээнд шийдэх ажлуудаа бага багаар нь хийгээд явах, газар зохион байгуулалтын хувьд блокоор нь аваад хөгжүүлээд явбал зүгээр.
- Нийслэлийн том дүүргүүдээ төрөлжүүлээд, дагуул хот барьж хүн амын нягтарылыг бууруулаад явах шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжтой гэж иргэн хүний хувьд хардаг. Манай Баянгол дүүргийн хувьд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид олон байдаг учраас бизнес суурьтай, гарааны бизнесийг дэмжсэн онцлогтойгоор хөгжих боломжтой юм. Олон улсад жишээ нь Токио, Шанхайн аль дүүрэг бизнесийн, инновацийн дүүрэг гээд ялгараад хөгждөг. Залуучууд нь инновацийн дүүрэгтээ ажиллаж өөрийгөө сорьдог, хурдтай хөгждөг зэрэг.