Засгийн газрын шинэ бондын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.
Тэрээр, “Засгийн газар 5.1 хувийн хүүтэй, 5.5 жилийн хугацаатай 600 сая долларын өртөг бүхий "Номад" бондыг босголоо. 2017 онд 10.1 хув ийн хүүтэй босгож байсан "Мазаалай" бондоос хоёр дахин бага хүүтэй энэхүү бонд "Монгол Улсын эдийн засаг 17 хувийн өсөлттэй байсан үетэй ижил үнээр COVID-19-тэй, эдийн засгийн өсөлт саарсан, төсвийн алдагдал өндөр байгаа энэ үед 600 сая ам.доллар босгож чадсанаараа онцлог. Энэ мөнгө Монгол Улсад орж ирэхгүй. 600 сая ам.долларын бондын мөнгөөр "Мазаалай" бондыг дахин санхүүжүүлэх бөгөөд "Чингис" бондын төлбөрийг хойшлуулж байгаа" хэмээв.
Ингэснээр хүүгийн зөрүүгээс 26 гаруй сая ам.доллар буюу 70 гаруй тэрбум төгрөгийг хэмнэх юм байна. Монгол Улс жилд бондуудын зөвхөн хүүгийн төлбөрт 203 сая ам.доллар төлдөг бол "Номад" бондыг гаргаснаар жилд төлөх хүүгийн төлбөр 167.4 сая ам.доллар болж буурч байгаа юм. Мөн тэрээр энэ жил онлайнаар бонд босгож чадсан гэдгийг онцоллоо.