Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хэдхэн хоногийн дараа нийслэл, орон нутгийн удирдлагуудаа сонгох хариуцлагатай сонголтын өмнө бид ирсэн байна.
Сонгогчид ИТХ-ын төлөөөлөгчдийг юу хийдэг, эрх үүргийн талаар мэддэггүй учраас сонгуулийн ирц бага байдаг гэсэн судалгаа гарчээ.
Бид сонгогчдын боловсролд зориулж “ИТХ-ын төлөөлөгчдийн эрх үүрэг юу вэ?, түүнийг хэрхэн сайжруулах вэ?” сэдэвт хэлэлцүүлгийг хийлээ.
Зочноор:
- Эрх зүйч Ч.Мэндбаяр
- Улс төр судлаач Б.Сэмжидмаа
- БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч Ө.Сумъябаатар
- Сэтгүүлч Г.Гангамөрөн
Онцлох эшлэлүүдийг хүргэе:
Улс төр судлаач Б.Сэмжидмаа:
- Орон нутгийн сонгуульд иргэн бүр идэвхтэй оролцох хэрэгтэй. Тэгж байж өөрийнхөө амьдрах орчин нөхцөл, гэрээсээ гараад тулгарч байгаа бүх асуудлыг өөрийнхөө төлөөлөгчөөр дамжуулж шийдвэрлүүлж чадна. Танай хорооноос сонгогдсон иргэдийн хурлын төлөөлөгч чинь хэн бэ?, нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч чинь хэн юм бэ?” гэхээр хүмүүс гацдаг. Хэнд ач холбогдол өгдөг гэхээр сонгогдсон их хурлын гишүүнээ зарим нэг нь мэдэж байгаа байх.
- Сонгогдсон төлөөлөгчийн хувьд ч гэсэн иргэдтэйгээ маш ойр ажиллаж төрийн бүх түвшний бодлогод иргэдийнхээ дуу хоолойг хүргэх, иргэдээ бүрэн хэмжээнд төлөөлөх ажлуудаа сайн гүйцэтгэх ёстой. Тэгвэл иргэн Дорж, Дулмаа манайхаас сонгосон төлөөлөгч ийм ийм асуудлыг шийдэж байна, хэнд хандахаа хүртэл мэдэж байгаа.
- Их хурлын гишүүнд иргэд хашаа саравч, зам талбай болохгүй байна гэдэг асуудал тавиад байдаг. Үүнийг Их Хурлын гишүүнд хандахаасаа өмнө тухайн дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч буюу нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, хөдөө орон нутагт бол аймаг буюу сумын иргэдийн хурлын төлөөлөгчид хандах нь хамгийн зөв.
- Мэдээж төр бүх асуудлыг даана, хариуцна гэвэл хүнд. Гэр хорооллыг орон сууцжуулах зэрэг том асуудлууд дээр төр хувийн хэвшилтэй хамтарч ажиллах хэрэгтэй. Орон сууцжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, хувийн хэвшлүүдээ дэмжээд ажиллах нь зөв.
- Төмөр зам хавьцаа байдаг нэг давхар шар байшингууд байдаг шүү дээ. Тэр шар байшингуудын нэг хэсэг нь яг төрийн шийдвэр хувийн хэвшлийн байгууллагуудтайгаа ойлголцоод бүтээн байгуулалт хийж болж байна. Нэг хэсэг хүмүүс нь энэ бол хувь хүний өөрийн өмч гээд ажил удаашруулж байна. Төрийн бодлогын түвшинд хийгдэж байгаа асуудлууд дээр иргэд ухамсартай хандах нь чухал. Тэгж байж хотын асуудлууд шийдэгдэнэ.
- Манай Баянгол дүүргийн удирдлагууд маш их улс төрждөг. Хэсэг бүлэг хүмүүсийн төлөө ажилладаг. Нийт иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллахгүй байна гэдгийг давтаж хэлмээр байна.
- Иргэн хүний хувьд хотын түгжрэлийг багасгаж болох нэг шийдэл хэлэхэд: Төрөөс иргэддээ үйлчилж байгаа бүх үйлчилгээг яаралтай цахимжуулах хэрэгтэй. Ямар нэг ажил хөөцөлдөх болоход бүрдүүлэх баримт бичгийг бүгдийг нь бичгээр хүргэж өгөх гэж зам дээр түгжрэл үүсгэдэг. 21-р зуунд үүнийг байгаа газраасаа утсаар шийдчих асуудал шүү дээ.
- Орон нутгийн сонгууль буюу нийслэл дүүргийн сонгуульд ч мөн намууд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж оролцдог. Их хурлын сонгуульд ч намууд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж оролцсон. Иргэд хүнд нь бус мөрийн хөтөлбөрт нь саналаа өгөх учиртай. Тийм ч учраас төрийн бодлого бүх түвшиндөө нэг байх ёстой. Нийслэл дүүрэг ч гэсэн дээрээ ямар бодлоготой байна доод нэгжүүддээ баримтлах хэрэгтэй. Өмнөх жилүүдийг харахад дүүрэг дүүрэг дээр аль нам эрх барьж байгаасаа шалтгаалаад нэг бодлого баримталж чадахгүй байсан.