Хятадын зураач, кино найруулагч, тэрс үзэлтэн Ай Вэйвэй BBC агентлагт өгсөн ярилцлагадаа “Барууны орнууд Хятадын асуудлаар хэдэн арван жилийн өмнө л санаа зовох байсан юм. Одоо өөрсдөө Хятадын дотор өөрийн гэсэн системтэй болсон тул харилцаа холбоогоо тасалж чадахгүй. Ийм болоод л Хятадын эрх баригчид бардам байгаа юм” хэмээн ярьжээ. Тэрээр өмнө нь зөвхөн уран бүтээлээрээ дамжуулан үзэл бодлоо илэрхийлж байсан бөгөөд анх удаа Хятадын төрийн бодлого, засаг захиргааны талаар ам нээж байгаа нь энэ юм.
Ай Вэйвэй Хятадыг “цагдаа улс” хэмээгээд “Эдийн засгийн хүчээрээ дамжуулан улс төрийн нөлөөгөө хаа сайгүй бэхжүүлж байна. Захын эрх ашгийг нь хөндсөн ямар ч улс Хятадын хариугаа авах бодлогын хохирогч болно. Хятадын хүч, нөлөөг зогсооход одоо хэтэрхий оройтсон” гэжээ.
2008 оны Бээжингийн олимпийн Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэнгийн загварыг гаргаснаараа алдартай Ай Вэйвэй Хятадын төр засгийн эсрэг удаа дараа тэрсэлж, цочир сонин бүтээл туурвиснаараа хавчигдан гадуурхагдсаар 2015 онд эх орноо орхисон юм. Тэрээр нэг хэсэг Берлинд амьдарч байгаад өдгөө Английн Кэмбрижэд суурьшаад буй.