Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 9-р сарын 11-ээс 13 аймаг, хүн ам ихтэй хоёр суманд ажиллаад байна. Ингэхдээ аймаг бүрийн дунджаар 200 гаруй ээжид буюу нийт 3000 орчим хүнд өөрийн биеэр эхийн одон гардуулаад байгаа юм. Төрийн өндөрлөгүүдээс улс төр, бизнесийн хүрээллийн танил тал тэдний эхнэр, охин, бэрүүд л эхийн одон гарддаг байсан нь нууц биш. Харин Ерөнхийлөгч өөрийн биеэр орон нутагт нь очиж, баяр ёслолын байдалтай одон гардуулж байгаа нь Ерөнхийлөгчийн сонгууль болоход 9 сар үлдсэн өдрүүдийн өмнөх бэлтгэл болж байна. Тэр өчигдөр л гэхэд Орхон аймагт ажиллаж, сум бүрээс ирсэн нийт 252 ээжид одон гардууллаа.
/Завхан аймагт/
/Баян-Өлгий аймагт/
/Ховд аймагт/
Гэрэл зургийг president.mn
Тэрээр ээжүүдэд хандан үг хэлэхдээ, "Бидний хамгийн нандин эрдэнэ, хайр, бахархлын дээд болсон ЭХ хүний ач, гавьяаг төрийн хуулийн дагуу Алдарт эхийн одон өгч алдаршуулах нь нэг хэрэг. Харин тэдний цаг наргүй хөдөлмөр зүтгэлийг бодитоор үнэлж, үр хүүхдээ эрүүл саруул өсгөн хүмүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх нь төрийн бодлогын тэргүүлэх чиглэл байх ёстой.
Эхчүүдийн нийгмийн хамгааллын асуудал төрийн бодлогод тусгалаа олох нь хүүхдийн эрүүл мэнд, хүмүүжил, боловсролын түвшинг ахиулах суурь хүчин зүйл болно. Ялангуяа хүн ам цөөтэй Монгол Улсын хувьд хүүхэд хамгаалал, хүүхдийн хүмүүжил, төлөвшил нь хамгаас чухал асуудал болоод байна" гэжээ.