Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим үүсэн байгуулагдсаны 60 жилийн ой тохиолоо."Дэвшилд хөтөлсөн жаран" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж буй түүхэн ойд зориулсан баярын хурал болон фото зургийн үзэсгэлэн, хүндэтгэлийн тоглолт энэ сарын 25-нд боллоо.
Баялаг бүтээгчид 1.1 сая хүнийг ажлын байраар хангаж, улсын төсвийн орлогын 80 хувийг дангаар бүрдүүлж, дотоодын эдийн засагт хөдөлгөгч хүч нь болж байна. Хувийн хэвшил дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувийг бүрдүүлж, ажилтай, орлоготой монгол хүний амьдралын баталгаа, эдийн засаг өсөх, улс орны хөгжил урагшлах гол хөшүүрэг юм. Дэлхийн улс орнуудын хөгжлийн нууц хувийн хэвшлийн манлайлал, бизнесийн эрх чөлөө, хөрөнгө оруулалтын таатай орчинд оршдог. Зах зээлийн харилцаанд шилжсэн 1990 онтой харьцуулахад манай улсын ДНБ-ий хэмжээ өнөөдөр 12 дахин өсжээ. Энэхүү өсөлтийн үр шимийг өрх бүрт хүргэх, хүртээх нь төр засгийн хийх ёстой ажил юм.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Эдийн засгийн өнөөдрийн хүндрэлийг төр, хувийн хэвшил хамтарч байж л даван туулна. Тиймээс итгэлцэл, ойлголцол чухал. Шинэ жарны үүд нээгдэж байна. Монголын бизнесийн орчны түүхийг бичиж ирсэн үе үеийн удирдлага, баг, хамт олон, хувийн хэвшлийнхэн, төр засаг, бид бүхэнтэй хамтран ажиллаж буй бүхий л дотоод, гадаадын байгууллага, түнш, гишүүддээ 60 жилийн ойн мэнд хүргэе. Өнөөдрийн хүрсэн ололт, амжилтын эзэд бол хувийн хэвшлийнхэн. Хөдөлмөрийн зах зээлийн хамгийн том ажил олгогч нь баялаг бүтээгчид буюу бизнес эрхлэгчид байна. Улс орны ачааны хүндийг энэ хүмүүс үүрч яваа. Цаашид гадаад худалдааг дэмжих, хөрөнгө оруулалт татах, уул уурхайн бус экспортыг төрөлжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг илүү сайжруулах, Монголын бараа бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлан таниулах нь бидний ойрын зорилт” хэмээв.