Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжин 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клеческиг хүлээн авч уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцов.
Элчин сайд Гадаад харилцааны Дэд сайдын хариуцлагатай албанд томилогдсонд Б.Мөнхжинд баяр хүргэж, хоёр орны хооронд тогтоосон стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд Америкийн талаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, санаачлалын талаар танилцуулав. Тэрбээр АНУ-ын Засаг захиргааны зүгээс Монголын бизнесийн орчныг сайжруулах, хүүхэд хамгаалал, хууль хяналтын байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэхэд анхаарч төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгааг дурдлаа. Дэд сайд Монгол, Америкийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байна гээд Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалын үеэр тохиролцсон эдийн засгийн хамтын ажиллагааны түншлэлийг өргөжүүлэх замын зураглалыг амжилттай хэрэгжүүлэхэд талууд анхаарч ажиллахын чухлыг тэмдэглэв. Мөн АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай байгуулсан Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх төсөл хуваарийн дагуу хэрэгжиж буйг мэдээлэв.