"Монголын тэгш өндөрлөг ба зэргэлдээх нутгийн байгалийн нөхцөл, тогтвортой хөгжил” олон улсын XIII бага хурал өнөөдөр боллоо.
Хурлын үндсэн зорилго нь Монголын тэгш өндөрлөг ба зэргэлдээх нутгийн байгаль орчин, нийгэм, эдийн засгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч олон улсын эрдэм шинжилгээний байгууллага, судлаач, эрдэмтэн, бодлого тодорхойлогч нарыг нэгэн талбарт цуглуулан нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх, улмаар нэгдсэн ойлголцол, зөвлөмжийг гаргахад оршив.
Дэлхий нийтэд тулгараад байгаа yyp амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, байгалийн нөөцийн хомстол нь дэлхийн экосистемд эрсдэл учруулсаар байна. Энэ үед байгалийн сөрөг хүчин зүйлсийг багасгах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндсэн гол арга зам нь зэргэлдээх нутгийн байгалийн нөхцөлийг танин мэдэж, байгалийн нөөцийг хамгаалах, менежменттэй ашиглах арга технологийг хэрэгжүүлэх нь чухал юм.
Энэ талаар Академич Д.Доржготов, "Монголын тэгш өндөрлөг буюу Монголын газар нутаг, Буриад, Тува, Сибир, Өвөр Монголын газар нутгийн байгаль орчны өөрчлөлтийн асуудал, цөлжилт, экосистемийн доройтол гээд олон чиглэлээр судалгаа хийж байгаа. Ингээд үзэхээр хүний нөлөөгөөр байгаль орчны доройтол эрчимтэй явагдаж, унаган төрхөө алдаж байгаа нь тодорхой харагддаг. Үүнээс үүдэн өөрчлөлтийн хурдыг хэрхэн сааруулах, нөхөн сэргээлтийг яаж хийвэл үр дүнтэй байх вэ гэдэг дээр судалгааны ажлууд хийгдэж байна.Нийгмийн газар зүйн асуудал буюу энэ бүсэд амьдарч байгаа хүмүүсийн эдийн засаг, аж үйлдвэрийн нөхцөл байдлыг мөн судалдаг. Зөвхөн байгаль орчны асуудал биш" гэв.
Ташрамд, “Монголын тэгш өндөрлөг ба зэргэлдээх нутгийн байгалийн нөхцөл, тогтвортой хөгжил” хуралд 230 гаруй эрдэмтэн судлаач оролцохоос, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд болох Хятад, Япон, Герман, Оросын эрдэмтэн судлаачид уригдан, онлайнаар мэндчилгээ дэвшүүлж, илтгэл танилцуулав.