Савласан усны бизнес эрхлэгч Хятадын тэргүүн баянаар тодорлоо
Хятадын Жэжянь мужид 1996 онд “Nongfu Spring” хэмээх савласан цэвэр усны компаниа анх байгуулж байсан Жун Шаньшан нийт 58.7 тэрбум долларын хөрөнгөөрөө “Alibaba”-гийн эзэн Жек Ма-г ардаа орхин Хятадын шинэ тэргүүн баянаар тодорлоо. Жек Ма сүүлийн зургаан жил Хятадын тэргүүн баянаар нэрлэгдсэн юм. “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индекс судалгаанд бичсэнээр компанийнх нь ханш хувьцааны зах зээлд өсөж, вакцин бүтээгч компаниудад давхар хувьцаа эзэмших болсон нь Жун Шаньшаны хөрөнгийг ийн өсгөжээ.
“Ганцаардсан чоно” хочит Жун Шаньшан ийнхүү Энэтхэгийн Мукеш Амбанигийн дараа бичигдэх Азийн хамгийн баян хоёр дахь хүн боллоо. Харин дэлхийн 500 баян хүний жагсаалтад 17-д бичигдэж байна.
Жун Шаньшаны хувьцааг нь эзэмшдэг Бээжингийн биологийн эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанийн хувьцаа “Ковид-19” цар тахлын эсрэг вакцин бүтээх ажил эрчимжсэнээр зөвхөн өнгөрсөн наймдугаар сард гэхэд 20 тэрбум ам.доллароор өсжээ.