Энэ сарын 24-нд ХУД-ийн 19 дүгээр хороонд орших Богд хааны ордон музейн дэргэд Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт болов.
Энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Монгол гэж тодотгож болох соёлыг судалж шинжлэн, өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлсэн, дэлхийн олон талт соёлыг хүндэтгэсэн тийм ирээдүйг цогцлоох үүрэг нь төрийн төдийгүй монгол хүн бүрийн үүрэг байх учиртай. Засгийн газар “Чингис хаан” музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний номын сан, Үндэсний урлагийн их театрын шинэ барилгыг ирэх жилүүдэд эхнээс нь ашиглалтад оруулна. Богд хааны ордон музейн өнгө төрхийг ч засаж сайжруулна. Мөн соёлын олон талт үйл ажиллагааг онцгойлон дэмжин, ард иргэдээ соён гэгээрүүлэх ажлаа эрчимжүүлнэ” гэв.
Харин Богдын ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар, “Монгол Улсад төрт улс байгуулагдсаны 2200 жилээс XX зууны Монголын мандан бадарсан болон Богд хаант Монгол Улсын түүхийг өгүүлсэн уран баримлын цогцолбор байгууллаа. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнтэй болсноор хүмүүс амарч зугаалж явахдаа эх орныхоо түүхтэй танилцах боломжтой болж байна. Дэлхийн хүн төрөлхтөний урлагийн түүхэнд манай монголчуудын оруулсан хамгийн том хоёр зүйлийн нэг нь амьтны загварт урлал юм. Энэ нь байгаль дээр байгаа амьтныг бодитоор буюу хийсвэр загвартай гоёчлон үзүүлдэг урлагийн төрөл зүйл. Уг цэцэрлэгт хүрээлэн дэх хүрэл морьт луу, 12 хөшөө бол хүрэл зэвсгийн үеийн биет олдворууд. Эдгээр нь бүгд монголчуудын оюун санааны бэлгэдэл юм” гэлээ.
Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнг Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Л.Ганхуяг, "Сэнзо констракшн" компани, хотын захиргаа, Богд хааны ордон музей хамтран байгуулжээ. Тус цэцэрлэгт хүрээлэнд иргэд амрах, чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой юм.