Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд албан ёсоор нээлтээ хийсэн “Үндэсний номын баяр” 28 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан утга зохиол судлалын “Шилдэг шүүмж” бүтээлд судлаач О.Содномпилийг тодруулж ном хэвлүүлэх эрх өглөө. Харин “Чингис Хааны тухай хамгийн олон номтой” уншигч, цуглуулагчаар иргэн Э.Пүрэвжавыг тодруулж бие даасан үзэсгэлэн гаргах эрхийн бичгийг гардуулав. Мөн “Хамгийн олон үнэт ховор номтой” уншигч, цуглуулагчаар иргэн Р.Отгонбаатар тодорч, телевизийн бүрэн хэмжээний нэвтрүүлэгт оролцох эрхтэй болов. Түүнчлэн “Монгол судлалын арвин номын сантай” цуглуулагчаар судлаач Ж.Раднаабазар тодорч, цуглуулгын танилцуулга хэвлүүлэх эрхийн бичгээр урамшууллаа. Ийнхүү номын баяр дөрвөн номинацаар нэмэгдлээ.
Номд дуртай зохиолч, яруу найрагч, орчуулагч, уншигчдын хүсэн хүлээдэг энэхүү баяр нь уламжлалт хөтөлбөр, арга хэмжээнээс гадна сонирхолтой дөрвөн номинацаар баяжсан баяр боллоо хэмээн утга зохиолын хүрээний судлаачид болон уншигчид ам сайтай байна.
Тухайн иргэн болоод судлаачдыг салбарын мэргэжлийн экспертүүд шалгаруулж санал болгосноор ЗГХА Соёл, урлагийн газрын дарга, доктор Ц.Нацагдолгор, МЗЭ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, СГЗ До.Цэнджавын хамт “Батламж”-ийг "Үндэсний номын баяр"-ын нээлтийн үеэр утга төгөлдөр гардуулсан юм.
Ташрамд өгүүлэхэд нэр хүндтэй энэхүү “Батламж”-ийг жил бүр уламжлал болгон олгох ажээ.