УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 22-нд боллоо. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаанаар эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Солтан, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулав.
Тэрбээр Монгол Улсын Их хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа өөрийн үүсгэн байгуулсан, захирлаар өөрийн хүү С.Ахмед, менежерээр эхнэр Б.Алтанчимэг ажилладаг өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХХК-д “Малын тэжээл үйлдвэрлэх” төслийн зориулалтаар урт хугацааны хөнгөлөлттэй зээл авахын тулд Улсын Их хурлын гишүүн бөгөөд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн түүнийг төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт тухайн төслийг Улс төрд нөлөө бүхий хүнтэй холбоотой, учраас шалгаруулах шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч, нөлөөлсөн хэмээн үзжээ. Иймд 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар “Монгол шаазан” ХХК-нд 950 сая төгрөгийг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргуулж, өөрт болон өөрийн гэр бүлд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон аж.