Улсын Гуравдугаар төв эмнэлгээр үйлчлүүлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 35 ажилтанд зориулсан дохионы хэлний анхан шатны сургалт явуулж эхэллээ.
Сургалтыг Эрүүл мэндийн сайдын 2020 оны 8 сарын 18-ны өдрийн “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим үйлчилгээг сайжруулах үйл ажиллагааны удирдамж” болон “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо хөгжлийг дэмжих, үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулж байна.
Уг сургалтыг Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн дохионы хэлний багш М.Сарантуяа удирдан явуулж байна. Уг сургалтыг энэ сарын 21-27-нд тэмдэглэж буй “Сонсголгүй иргэдийн олон улсын долоо хоног”-ийг тохиолдуулан зохиож байгаа юм. Энэ жил “Дохионы хэл”, “Дохионы хэл бүхий тэгш хүртээмжтэй орчин”, “Дохионы хэлний олон улсын өдөр буюу дохионы хэлний эрхийг хүн бүрт”, “Үндэсний дохионы хэлийг хуулиар баталгаажуулах нь”, “Тэгш боломжийг сонсголгүй иргэдэд”, “Сонсголгүй хүний манлайлал”, “Би хүний эрхийн төлөө дохино” зэрэг сэдвийн хүрээнд тэмдэглэх юм.