Нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд нийгмийн даатгалын байгууллага архивын үйлчилгээгээ бүрэн цахимжуулж, шуурхай болголоо.
Тодруулбал, архивд хадгалагдаж байсан 1995-2005 оны хоорондох 1.1 сая ажил олгогч, 42.4 сая даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 12.8 сая хуудас цаасан тайлан, маягтыг 100 хувь цахимжуулж дууслаа.
1995 оноос хойш ажил олгогчид шимтгэл төлөлтийн тайлангаа нийгмийн даатгалын байгууллагад цаасан хэлбэрээр өгч эхэлсэн. Гэвч зөвхөн 2006 оноос хойших тайлан цахим мэдээллийн санд байршсан байсан юм.
Тиймээс иргэд 1995-2005 онд ажиллаж, шимтгэл төлсөн мэдээллээ заавал өмнө ажиллаж байсан аймаг, дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэс дээр өөрийн биеэр очиж авах, архиваас шүүлгэхэд цаг хугацаа зарцуулж, чирэгдэл учирдаг байсан юм.
Ийнхүү архивыг бүрэн цахимжуулснаар иргэн, даатгуулагч архивын баримтаа чирэгдэлгүй шуурхай авах боломж бүрдэж байгаагаас гадна өөрийн шимтгэл төлж ажилласан жил, цалин орлогын мэдээлэлдээ тулгуурлан тэтгэврийн тооцооллоо хийх, нийгмийн даатгалын цахим хяналт сайжрах нөхцөл бүрдэж байна.