Энэтхэгийн хамгийн алдартай уран барилгын үүд хаалга түүхэндээ хамгийн урт хугацаагаар буюу бүтэн зургаан сар хаалттай байсны эцэст нээгдэж, аялагч жуулчдыг хүлээн авч эхэлжээ. “Ковид-19” цар тахлын улмаас барилгын гадаах хашааны үүдээр нэвтрэх хүмүүс олноороо гэрэл зураг авахуулж болохгүй, үүдэн дээр биеийн халуунаа шалгуулна, цахимаар тасалбар худалдаж авна гэх зэрэг шинэ журам үйлчилж байна. Мөн өдөрт 5000 хүн л хүлээж авах гэнэ. Жирийн үед Таж Махалыг өдөрт 70 мянган хүн үзэж сонирхдог байсан юм.
17 дугаар зуунд Могулын эзэнт гүрний хаан Шах Жаханы эхнэр Мумтаз Махалдаа зориулан барьсан уг бунхан өмнө нь хоёрхон удаа хаагдаж байсан нь 1978 оны үер, 1971 оны Энэтхэг-Пакистаны дайнаас болж байв.
Энэтхэг улс коронавирусийн халдвартай хүнийхээ тоогоор дэлхийд хоёрт бичигдэж байгаа. Тус улсад “Ковид-19”-ийн таван сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 87 мянган хүн амиа алдаад байгаа юм. Таж Махал байрлах Уттар Прадеш муж халдварын тохиолдлоороо Энэтхэгтээ тавд орж байна.