Голомт банкны Алтантүлхүүр хүүхдийн сан, “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн “Зүрх мартахгүй” төслийн албан ёсны хамтрагчаар ажиллах санамж бичгийг байгууллаа.
Төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийг эх орондоо эмчлэх “Зүрх мартахгүй” төслийг “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг энэ оны тавдугаар сард эхлүүлснээр Голомт банк гурван хүүхдийн хагалгааны зардлыг бүрэн хариуцаж ажиллажээ. Энэ талаар “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Ерөнхий захирал Б.Болдсайхан санамж бичигт гарын үсэг зурах үеэрээ “2500-3000 орчим хүүхэд зүрхний мэс засалд яаралтай орох хүлээлттэй байна. Гэтэл эмчилгээ, хагалгаа шаардлагатай байгаа хүүхэд бүрийн ар гэрт хагалгааны зардлыг гаргах боломж тэр бүр байхгүй. Харин Голомт банк төслийн албан ёсны хамтрагч болсноор бяцхан зүрхнүүдийг аврах бидний санаачилга бодитоор хэрэгжихэд дөхөм болж байгаад туйлын талархалтай байна. Бид 2026 он гэхэд зүрхний төрөлхийн гажигтай 1000 хүүхдийг эмчилсэн байхыг зорьж байна” гэв.
Мөн Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд, “Хүний амь, хүүхдийн амийг аврахаас илүү чухал зүйл гэж үгүй. Тиймээс бяцхан зүрхнүүдэд амьдрал бэлэглэх гэгээн үйлсийг санхүүжүүлэхээр болсон нь нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй хамгийн чухал ажил гэж үзэж байна.” гэлээ.
Түүнчлэн Голомт банкны зүгээс Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй төрийн болон хувийн бүхий ААН байгууллагуудад хандан “Зүрх мартахгүй” төсөлд нэгдэж, бяцхан зүрхнүүдэд амьдрал бэлэглэхийг уриаллаа.