Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ын Хил, хорио цээрийн хэлтсийн дарга асан Н.Баярсайхан, Э.Аззаяа, Ш.Тэгвандан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Д.Төмөрбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал болно. Уг хуралдаанд оролцох оролцогч нарын бүртгэлийг хийж байна.
Жилийн өмнө МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайхан оймсондоо их хэмжээний доллар нуусан бичлэг нь олны дургүйцлийг төрүүлж байв. Тухайн өдөр АТГ-аас тусгай ажиллагаа явуулж тус хэлтсийн нэр бүхий албан тушаалтнуудын өрөөнөөс мөн л их хэмжээний авлигын мөнгө илрүүлсэн.
Шүүх хурлыг өмнө нь энэ сарын 14-ний 09.00 цагт товлосон боловч шүүгдэгч Э.Аззаяагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй. Харин шүүгдэгч Д.Төмөрбаатарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй байна. Иймээс түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар болсон байна. Түүнчлэн МХЕГ-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Т.Баярсайхан нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ, харин С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир, Ж.Тэгвандан нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээд байгаа юм.