Саяхан цахим сүлжээнд, самбар дээр шохойгоор уран зураг зурж буй нэгэн бичлэгээрээ олны анхаарлыг татсан хүнийг Баатарын Бямбаа гэдэг. Тэрээр чөлөөт уран бүтээлч хийгээд зураач хүн. Багшлаад долоон жил болж буй юм. Зураач Б. Бямбаа нь бүтээлдээ харандаа ашигладаггүй, шууд будаж зурдаг онцлогтой. Мөн тэрээр ихэвчлэн бодит зураг зурах сонирхолтой ба түүний бүтээлүүд фото зураг шиг харагддаг нь түүний бас нэгэн онцлог юм.
Уран зургийн багш Б. Бямбаа, “Би урлаг, уран зурагт маш их хайртай. Тиймдээ ч хүүхдүүддээ мэддэг чаддаг бүхнээ өвлүүлэхийг хүсдэг. Мөн тухайн хичээлийг нэгэн хэвийн байдлаар орохыг боддоггүй. Аль болох хичээлээ сонирхолтой шинэлэг байдлаар заахыг хичээдэг. Ер нь урлагийн хичээлийг их сэтгэл зүтгэлээр зааж байж л сурагчдын сэтгэлд урлагийг ойлгох, хайрлах үнэлэмж үлдэнэ. Хүүхдийг урлагаар хүмүүжүүлж төлөвшүүлэх нь нэн чухал хийгээд эцэг эхчүүдийн анхаарч үзэх асуудал юм. Миний хувьд би сурагчидтайгаа самбар дээр юу зурахаа эхлээд нүдээ аниад төсөөлдөг. Тэгээд төсөөлсөн зүйлсээ 10 минутад зурах шаардлагатай. Учир нь хичээлийн цаг маш хурдан өнгөрдөг. Урлаг, уран зураг өөрөө ямар агуу билээ. Тиймээс хичээлийнхээ минут бүрийг үр дүнтэй, өгөөжтэй байлгахаар зорьрог. Хичээлээ сонирхолтой байдлаар заах үед сурагчдын идэвхи нэмэгдээд л ирдэг дээ” гэв.
Түүнчлэн зураач Б. Бямбаа нь уран зургийн ганцаарчилсан сургалт явуулдаг бөгөөд нэг ээлжид нь таван сурагч байна. Тэрээр сурагчидтайгаа тулж ажиллахыг чухалчилдаг аж.