Олон өдрийн гүйлтийн тамирчин Б. Буджаргал Тайланд улсад өчигдөр болсон 12 цагийн гүйлтийн тэмцээнд түрүүллээ. Б. Буджаргал нь 12 цагт 125 км гүйж түрүүлсэн бөгөөд тус тэмцээний дөрвөн номинацид рекорд тогтоов. Тэмцээний дараа Монголын элчин сайдын яамнаас төлөөлөгч ирж түүнд баяр хүргэсэн байна.
Номинацид:
- Хамгийн олон тойрог тойрсон гүйгч
- Хамгийн их км гүйсэн тамирчин
- Хамгийн өндөр цаг баригч
- Нэгдүгээр байранд орсон тамирчин гэх төрлүүд юм.
Б. Буджаргалын ярьснаар, “Олон өдрийн гүйлтийн төрөлд 40-50 насны хүмүүс маш сайн гүйж дэлхийн рекорд тогтоосон байдаг. Яагаад ийм байдаг юм бол, ид шижигнэсэн залуучууд яагаад гүйж чаддаггүй юм бэ гэж асуухад тэмцээн зохион байгуулагчид: Залуу хүмүүс сэтгэлийн хат тэвчээр муу байдаг, гэж хэлсэн. Миний хувьд анх 2014 онд 35 настайдаа Америкийн НьюЙорк хотод болсон 10 хоногийн гүйлтэд 1189 км гүйж түрүүлэхэд хамгийн залуу аварга болж байлаа. Монголчууд "40 хүрсэн эр , дөрөв дарсан ат" гэж зүгээр ч нэг хэлээгүй юм билээ. "Дөч хүрсэн эр” гэдэг нь дөчин нас хүрч жингийн тэн даах эрийн цээнд хүрснийг хэлж буй бол “Дөрөв дарсан ат” гэдэг нь агталсан эр тэмээ зургаан нас хүрч, дөрвөн шүд нь гүйцээд Дөрвөн том ачааг дааж яваа аян жингийн ая даах болсныг хэлж буй юм” гэв.
Тамирчин Б.Буджаргал нь одоо 11 дүгээр сарын 16-нд АНУ-ын Флорида мужид болох зургаа хоногийн, 12 дугаар сарын 28-нд АНУ-ын Аризона мужид болох 10 хоногийн хэт холын зайн гүйлтийн тэмцээнд орох төлөвлөгөөтэй байгаа юм.