Дуучин Рианнагийн фэнүүд хайртай уран бүтээлчээ Барбадосын төрийн тэргүүнд “нэр дэвшүүлж”, цахим ертөнцөд түүнийг дэмжигчид хэдэн мянгад хүрлээ. Энэ мягмар гарагт Карибын тэнгист орших тус улс ирэх жил гэхэд Үндсэн хуульт хаант засаглалаас татгалзаж, одоогийн төрийн тэргүүн Их Британийн хатан хаан II Элизебатийн оронд Ерөнхийлөгч сонгохоо мэдэгдсэн юм. Тэгвэл энэ улсад төрж өссөн, магад дэлхий дээрх хамгийн алдартай Барбадос хүн болох Рианнаг шүтэн бишрэгчид нь энэ албанд хамгийн тохирсон хүн гэж үзэж байна. Нэг фэн нь “Барбадосын жинхэнэ хатан хаан хэн болохыг ашгүй одоо л мэдэв үү?” гэж хошигносон бол өөр нэг фэн нь “Бэлэн төрийн тэргүүн байхад ажил удаад яах вэ. Ес дэх цомог нь л гарахгүй нь” гэж жиргэсэн нь хэдэн зуун лайк авчээ.
Рианнагийн жинхэнэ нэр Робин Рианна Фэнти. Тэрээр 1988 онд Барбадосын нийслэл Бриджтаун хотод төрсөн юм. 2018 онд түүнийг Барбадосын Засгийн газраас Боловсрол, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтын салбарын элч төлөөлөгчөөр сонгосон байна. Тэрээр эх орондоо хэдэн сая долларын хөрөнгө оруулсан хүмүүнлэгийн үйлстэн. Бриджтаун дахь түүний өсөж торнисон гудамжийг 2017 онд Rihanna Drive буюу Рианнагийн зам хэмээн нэрлэжээ.