Европын хорооны тэргүүн Урсула Фон дер Ляйен Европын холбооны чуулганыг анх удаа нээж хэлсэн үгэндээ Польшийн эрх баригч Хууль журам, шударга ёс намыг хүний эрх ноцтойгоор зөрчсөн хэмээн шүүмжиллээ. Хэт барууны, үндсэрхэг үзэлтэй гэгддэг тус нам хот суурингаа ЛГБТ хүмүүсгүй хэмээн зарласан орон нутгийн захирагчдаа дэмжсэн хандлага гаргасан нь ийнхүү олон улсын шүүмжлэлд өртжээ. “ЛГБТ хүмүүсгүй бүс нутаг гэдэг хүнлэг ёсгүй бүс нутаг гэсэн үг. Ийм хандлага, ийм үзэл бодлыг багтааж шингээх орон зай Европын холбоонд байхгүй” гэж Фон дер Ляйен мэдэгдсэн байна. Мөн “Хүний эрхийн сэдвээр нэгэнт ярьсных Хонконгт байна уу, Уйгарт байна уу хамаагүй, Европын холбоо хүний эрхийн асуудлаар нэг л байр суурьтай байна. Тэр нь ямар ч хүний үндсэн эрх, эрх чөлөөг хүндэтгэх юм” хэмээн онцолжээ.
Харин коронавирусийн дэгдэлт, цар тахлын тухайд Европын орнууд болзошгүй хямралаас урьдчилан сэргийлж 750 тэрбум еврогийн тусламжийн сан байгуулсныхаа адилаар халдварын дараа дараагийн давлагааны үеэр нягт хамтран ажиллах хэрэгтэй гэж тэмдэглэсэн байна.