Өнөөдөр ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар цахимаар мэдээллээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, “Өнөөдөр 59 настай эмэгтэй эдгэрч, сувиллын тусгаарлалтад шилжлээ. Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын 311 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 302 нь эдгэсэн. Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, тусгаарлагдсан нэг эх ХӨСҮТ-д амаржиж, хүүтэй боллоо. 2020 оны есдүгээр сарын 16, 17-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лаборатори, ЗӨСҮТ-ийн лабораторит нийт 1408 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Эдгэрсэн хүмүүсийн найм нь сувилалд, 13 хүн нь гэрийн ажиглалтад байгаа бол 281 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан. ХӨСҮТ-д өнөөдөр есөн хүн эмчлэгдэж байна. Тэдээд долоон хүний бие хөнгөн, хоёр хүний бие хүндэвтэр байна” гэв.
Түүнчлэн салбар яамны ажлын хэсэг УОК-т санал танилцуулж, сургалтыг тусгай зохицуулалтаар танхимын болон танхимын бусаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Ирэх даваа гаригаас ерөнхий боловсрол, их дээд сургуулийн үйл ажиллагаа хэвийн горимоор хичээллэнэ. Аравдугаар сарын 1-н хүртэл бататгах хичээлийг үзэх юм.
ЭМЯ-наас, “Өнгөрсөн хугацаанд зайны сургалт урт хугацаагаар явсан учраас аль болох уралдаан, олимпиад зохион байгуулахгүй байхыг зөвлөж байгаа. Тухайн сургууль ашиглаж болох бүх орц, гарцыг ашиглаж, аль болох бөөгнөрөл үүсгэхгүй байх ёстой. Халдвар хамгаалалтын горимыг чанд мөрдөж, амны хаалтыг тогтмол зүүх шаардлагатай” гэж анхааруулав.