"Номын баяр-2020" УИХ-ын даргын ивээл дор “Хэл, соёл оюун санааны тусгаар тогтнол” уриан дор Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр эхэллээ.“Номын соёлт ертөнц” ТББ-ын санаачилгаар жил бүр хийдэг номын баяр нь энэ жил Монгол орон даяар 18 хоногийн турш өргөн дэлгэр тэмдэглэх гэж буйгаараа онцлогтой.
Энэ жилийн номын баяраар бүх нийтийн ном уншлагыг идэвхжүүлэх зорилгоор “Ном бид-2” ном уншлагын нийтийн хөдөлгөөнийг “Уншигчийн сэтгэгдэл”, “Гэр бүл-ном”, “Багшийн эрдэм шавьд”, “Зохиолчийн хүүрнэл” зэрэг төрлөөр сонирхолтой уралдааныг цахим орчинд өрнүүлэх юм.
Түүнчлэн номын баярт жил бүр 30 000-40 000 уншигч, 100 гаруй хэвлэн нийтлэгч, 300-аад зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч оролцдог. “Хэдий эдийн засгийн хямралтай, хөл хориотой байгаа ч энэ жил илүү өргөн болж магадгүй” хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
Эдгээр өдрүүдэд
-“Номын баяр-бидний баяр” онлайн ярилцлага,
– номын үзэсгэлэн, худалдаа, шинэ номын танилцуулга шоу,
– орон даяар “Ном бид хоёр” бүх нийтийн хөдөлгөөнийг зохион байгуулах,
– “Уншигчийн сэтгэгдэл”, “Гэр бүл-ном”, “Багшийн эрдэм шавьд”, “Зохиолчийн хүүрнэл” зэрэг цахим уралдаан,
– “Танай дүүрэгт-Таны дэргэд” уриан дор тусгай хөтөлбөрийн дагуу ном солилцоо,
– Уншигч-зохиолчдын уулзалт,
– сургалт лекц,
– уншигч хүүхдэд зориулсан хөтөлбөр,
– уран уншлага,
– номын баатруудын театрчилсан тоглолт,
– харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайл номын үйлчилгээ,
– ном, хэвлэлийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн хөгжил, утга зохиолын шүүмж судлалыг хөгжүүлэх зэрэг чиглэлээр нэвтрүүлэг, хэлэлцүүлэг болно.