Энэтхэгийн хамгийн том компаниудын нэг “Тата” парламентын шинэ ордныг барих төслийн ялагчаар тодорч, Шинэ Дели хотын зүрхэн хэсэгт 117 сая ам.доллороор цоо шинэ парламентын ордон барихаар болжээ. Шинэ ордон 2022 онд буюу Энэтхэгийн Их Британиас тусгаар тогтносны 75 жилийн ойгоор ашиглалтад орох гэнэ. Харин ард иргэд болон Ерөнхий сайд Модийг шүүмжлэгчид парламентын шинэ ордон барихын оронд тэр их мөнгийг цар тахалтай тэмцэхэд зарцуулах ёстой гэж үзэж байна. Энэтхэг улс “Ковид-19”-ийн халдвартай нь батлагдсан хүний тоо нь таван сая давж, 80 мянга гаруй нь нас барсан үзүүлэлтээр дэлхийд хоёрт бичигдэж байгаа юм.
Одоогийн парламентын ордон нь 1920-иод онд ашиглалтад орсон, хэдийнээ бүтэн зууны нүүр үзсэн тул даруйхан шинэчлэх хэрэгтэй гэж албаныхан үзсэн тул шинэ ордны тендер зарласан байна. Мөн гишүүд болон ордонд ажиллах албан хаагчдын тоо хэд дахин нэмэгдсэн болохоор шинэ ордныг дор хаяж 1400 хүний ажиллах орчны багтаамжтай, гурван давхар байлгахыг зураг төсөлд заажээ.
Парламентын шинэ ордонтой болох төсөл нь Модигийн Засгийн газраас хэрэгжүүлж буй нийт 2.7 тэрбум ам.долларын төсөвтэй, Дели хотын төв дэх колоничлолын үеийн барилга байшингуудыг шинэчлэх томоохон хөтөлбөрийн нэг хэсэг юм.