АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама цувралаар хэвлэгдэх дурсамж номынхоо эхний хагасыг ирэх арваннэгдүгээр сарын 3-ны өдөр болох Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаас хоёр долоо хоногийн дараа буюу мөн сарын 17-ны өдөр худалдаанд гаргахаар болжээ. Энэ тухайгаа Twitter хуудсандаа зарлахдаа өөрийгөө “Анхны өнгөт арьст Ерөнхийлөгч, Мишель Обамагийн нөхөр” хэмээн “даруухан” танилцуулсан тэрээр төрийн тэргүүний алба хашсан он жилүүдийнхээ талаар “илэн далангүй бичсэнээ олон нийтэд дэлгэхэд бэлэн” гэсэн байна.
“A Promised Land” (Оноолт нутаг) ном 768 хуудас бөгөөд “Penguin Random House” хэвлэлийн газраас нэгэн зэрэг 25 хэлээр орчуулагдан хэвлэгдэх гэнэ. Обама уг номондоо 2008 оны санхүүгийн хямрал, өөрийн санаачилсан эрүүл мэндийн тогтолцоог шинэчлэх бодлого, Осама бин Ладенийг устгасан 2011 оны тусгай ажиллагаа зэргийн талаар дэлгэрэнгүй бичсэн тухайгаа Twitter дээрээ жиргэсэн байна. Цагаан ордны 44 дэх тэргүүн өмнө нь гурван ч ном хэвлүүлж байв. Харин эхнэр Мишелийнх нь “Becoming” ном хэвлэгдсэнээсээ хойш тавхан сарын дотор олон улсад 10 сая хувь борлогдож, бестселлер болсон юм.