Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн, тус байгууллагаас “Ковид-19” цар тахалтай тэмцэх тусгай төлөөлөгчийн нэгээр сонгогдсон эрдэмтэн, доктор Дэвид Набарро Их Британийн парламентын гишүүдэд хийсэн сонсголдоо ийн анхааруулжээ. Тэрээр одоогийн нөхцөл байдал хэдий хүнд байгаа ч цаашид улам хүндэрнэ, цар тахлын дэгдэлт “шинжлэх ухааны ямар ч зөгнөлт киноноос аймшигтай байна” гэж ярьсан байна.
Набарро мөн “Европт халдварын тархалт ахин дахин нэмэгдэж, ээлжит давлагаа нь урьдынхаасаа илүү олон хүнийг хамарч байгаагаас үүнийг харж болно. Эрүүл мэндийн тогтолцоо нэгэнт хяналтаас гарчихлаа. Олон улсын эдийн засаг туйлдаж байна. Ядуусын тоо, хүнс тэжээлийн дутагдалд орох хүний тоо хэд дахин нэмэгдэж, хэдэн сая жижиг бизнес дампуурах нь тодорхой боллоо. Гэхдээ бид энэ гамшгийн дунд шатанд ч ороогүй байна. Цар тахал одоо л дөнгөж эхэлж байна” хэмээн ярьжээ.
Сүүлийн мэдээгээр коронавирусийн халдвар авсан хүний тоо дэлхийн хэмжээнд 30 саяд хүрч, 939 мянган хүн нас бараад байна.