Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул Сандуйжавын Доржсүрэн гуай өдгөө 82 насыг зооглож байгаа буурай. Хүүхэд ахуй насандаа Баянзүрх хайрханыхаа бэлд мал хариулж, тоглож өссөн тэрээр 9 хүүхэдтэй айлын бага хүү. Ухаан орсон цагаасаа байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах, зөв зүйтэй харьцах монгол ухааныг эцэг, эхээсээ өвлөж, амьдралынхаа гол зарчим болгон ирснээ бидэнд хуучилсан юм. 1956 онд Улаанбаатар хотод ирсэн даруйдаа Аж үйлдвэрийн комбинатад гуталчнаар орж ажлын гараагаа эхэлжээ. Удалгүй Эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэж Аж үйлдвэрийн комбинатын Санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж эхэлсэн байна. Намын хорооноос хуваариласан 5-р байрныхаа даргаар томилогдсон тэр үеэс С.Доржсүрэн гуай мод тарьж эхэлсэн гэнэ.
/56 жилийн өмнө байрныхаа гадна тарьсан моддын дунд/
С.Доржсүрэн гуайн амьдралын хамгийн том хийгээд сайхан дурсамжын нэг нь Аж үйлдвэрийн комбинатынхаа залуустай хамтран Богдхан уулын дархан цаазат газрын Хүүшийн аманд 1968-1972 оны үед 1000 шинс модыг тарьж ургуулж, нэгэн том төглийг бий болгосон нь гэнэ. Мод нэг бүрийг сэтгэлээ шингээн тарьж, ургуулж өндийлгөсөн нь өнөөдөр 4 метр өндөр шигүү сайхан ургаж Улаанбаатар хотын иргэдийн очих дуртай төгөл болжээ. Хийсэн ажил нь утааг бууруулахад хувь нэмрээ оруулахаас гадна залуу үед минь том үлгэр дуурайлал болох байхаа гэж өвгөн ах нь ихэд найддаг хэмээн С.Доржсүрэн гуай ярьсан юм.
/Богдхан уулын дархан цаазат газрын Хүүшийн аманд тарьсан 1000 мод өнөөдөр/
2013 онд 120 мянгатын 1-р хорооны 6 га талбайд “Алтай констракшин” компани орон сууц барихаар барилгын ажлаа эхэлжээ. Тухайн үед 1-р хорооны засаг дарга Ш.Болд, хорооны иргэн Д.Байдраг, ахмад настан С.Доржсүрэн нар хамтран барилгын ажлыг эсэргүүцэн зогсоож чадсан гэнэ. Түүнчлэн тэр хэсэгт жижиг хэмжээний цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах ажлыг тухайн үеийн Улаанбаатар хотын захирагч байсан Э.Бат-Үүлээр дэмжүүлэн өнөөдөр 120 мянгатын иргэдийн зорин ирдэг цэцэрлэгт хүрээлэн болжээ. Хүүхдийн тоглоом, замсал зам, хөшөө дурсгал, усан оргилуун зэргийг хотын захиргаанаас тохижуулсан бол Доржсүрэн гуай хорооны иргэдээ уриалж мод, зүлэгжүүлэлтийн ажлыг өөрсдөө бүрэн хийжээ. Өнгө өнгийн цэцэгс алаглаж, тохь тухыг бүрдүүлсэн энэ цэцэрлэгт хүрээлэнд ахмад настнууд нарлаж, хүүхэд багачууд тоглон нааддаг хамгийн дуртай газар нь болжээ.
Тэрээр залуу үедээ хандаж “Эх орон гэдэг Монгол гэсэн зургаахан үсэгтэй үг төдий зүйл биш юм. Амьсгалах агаар, гишгэх газар, уух ус бүрт эх орон чинь багтдаг. Түүнийг санаж байгаль дэлхийгээ хайрлан, хамгаалж, нандигнаж байгаарай. Залуу хүүхдүүдийг мод тариасай гэж их хүсдэг. Ядаж л тарьсан модыг гэмтээхгүй байх сэтгэл, ухамсартай байгаасай. Бид ирээдүй хойчдоо ногоон монголыг үлдээх гэж чин зүрхнээсээ хичээсэн. Залуус та нарилүү сайхан ирээдүйг үр хойчдоо үлдээгээрэй.” гэж захьсан юм.