Өрөг.мн сайт долоон сарын өмнө “Эрдэнэт үйлдвэрийн мөнгө ёолдоггүй ба дураараа дургигчид” нэртэй эрэн сурвалжлах нэвтрүүлэг бэлтгэн цацсан. Нэвтрүүлэгт “Сод Монгол” групп ХХК-ийн тухай дурдаж, баримт дэлгэсэн. Үүнтэй холбогдуулж Сод Монгол групп ХХК иргэний шүүхэд гомдол гарган Өрөг.мн сайтаас нэг тэрбум төгрөг нэхэмжилсэн. Тэд нэхэмжлэлдээ бид Эрдэнэт үйлдвэрээс 85.9 тэрбум төгрөгийн шатахуун аваагүй. 58 тэрбум төгрөгийн шатахуун авсан гэж бичсэн байв. Бид баримтаа "хамгаалахын" тулд шүүхэд хүсэлт гарган Эрдэнэт үйлдвэрийн шилэн дансанд үзлэг хийлгүүллээ. Үзлэгээр Сод Монгол групп ХХК-ийн яриад байгаа шиг 58 тэрбум төгрөгийн шатахуун аваагүй. Харин 100 гаруй тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэрээс Сод Монгол групп ХХК руу шилжүүлсэн нь тогтоогдов. Өөрөөр хэлбэл шүүхийн үзлэгээр манай Өрөг.мн сайт баримтаа хамгаалж чадлаа. Гэхдээ шүүх хурал болоогүй тул энэ нь эцсийнх биш юм.
Энэ нэвтрүүлэгт
БАРИМТ ДӨРӨВ: СОД МОНГОЛ ЛУЙВАРДАВ УУ? ЭРДЭНЭТИЙН ЗАХИРЛУУД ХАМТРАВ УУ?
2019 оны 3-р сараас 2019 оны 12-р сар хүртэлх хугацаанд Эрдэнэт үйлдвэр “Сод Монгол” компаниас нийт 85.9 тэрбум төгрөгийн шатахуун худалдан авчээ. Том үйлдвэр шатахуун авалгүй яах вэ. Гэхдээ ГУРВАН но байна.
- Х.Бадамсүрэн захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч нь Д.Үүрийнтуяа гэж эмэгтэй бий. Түүнийг Х.Бадамсүрэн захирал 2019 онд ажилд авсан. Д.Үүрийнтуяа захирал Эрдэнэт үйлдвэрт ажилд орохоосоо өмнө буюу 2014-2016 онд “Сод монгол групп” ХХК-д Орхон салбарын дарга, группийн худалдаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байв. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрт ажилд орсныхоо дараа хуучин байгууллагаасаа 85.9 тэрбумын худалдан авалт хийжээ.
- Эрдэнэт үйлдвэр “Сод Монгол” ХКК-аас шатахууныхаа литр тутмыг 2318 төгрөгөөр бодож авчээ. Эрдэнэт үйлдвэр Сод Монголоос шатахуун авах болсон үндэслэл бүхий баримтыг харвал зах зээл дээр шатахуун 2449 төгрөг байна. Харин Сод Монгол 2318 төгрөгөөр зарж байна гэжээ. Ингээд 2318 төгрөгөөр шатахуун авлаа гэсэн байгаа юм. Тоо бодоцгооё. Нийт 85.9 тэрбумын шатахуун авсан гэрээ бидэнд олдоогүй. Гэхдээ шилэн данс дээрх гүйлгээнүүд нотолно. Харин 14.6 тэрбумын худалдан авах гэрээ бүхий баримт дээрх тоонуудыг ХАРЬЯ. 14.604.660 төгрөгөөр 6300 тн шатахуун авчээ. Үүнийг литр эрүү шилжүүлбэл 7.455.621 болж байгаа юм. Өөрөөр хэлбэл СОД МОНГОЛ анх тендерт орохдоо шатахуунаа 1958 төгрөгөөр зарна гэж ороод ялжээ. Харин яг шатахуунаа зарах үеэр 2318 төгрөг болгосон нь илт байгаа юм. Өөрөөр хэлбэл тендерт орохдоо нэг үнэ хэлээд бараагаа зарах үеэр үнээ өсгөөд 2.6 тэрбумын орчим төгрөг дундаас нь гувчуулсан байж болзошгүй байна. 85.9 тэрбумаас 14.6 тэрбумыг хасвал цаана нь 71.3 тэрбумынхаа хэдийг нь эд нар хоорондоо хувааж идсэн болж байна вэ? Та бодоод үзээрэй.
- Шатахуунтай холбоотой гурав дахь ноцтой зүйл. Шилэн дансны гүйлгээнүүдийг харвал ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР зун өвлийн түлш, өвөл зуны түлш худалдаж авсан байна. Зуны түлшээ өвөл нь аваад нөөцөлжээ гэж гэгээлгээр бодье. Гэтэл ЭРДЭНЭТ үйлдвэрт ийм их хэмжээний шатахуун нөөцлөх сав суулга байхгүй аж. Зун өвлийн түлш, өвөл зуны түлш хэрэглэвэл тоног төхөөрөмж нь эвдрэх ноцтой эрсдэлтэй.
хэмээн Сод Монгол групп ХХК-ийн тухай дурдсан юм. Нэвтрүүлэг бүтнээр нь үзэх бол https://www.urug.mn/news/756