Манай редакц өчигдөр /2020.09.17/ УОК! оо тусгаарлалтад байгаа хүүг яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай байна гарчигтай мэдээ нийтэлсэн. / мэдээ үзэх https://www.urug.mn/news/3382/
Мэдээллийн мөрөөр ЭМЯ-аас нэг настай хүүгийн ар гэртэй холбоо барьж, хагалгаанд оруулах болсноо хэлжээ. Хүүг өчигдөр тусгаарлалтаас гарган, цэргийн төв эмнэлэг рүү шилжүүлээд яаралтай хагалгаанд оруулсан байна.
Үйл явцыг сануулахад, Солонгос улсад ажиллаж амьдардаг нэгэн гэр бүл ой гарантай хүүгээ 2020 оны 9-р сарын 3-ны Сөүл-Улаанбаатар чиглэлийн чартер нислэгээр итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамт Монгол руу явуулжээ. Хүү нь Maison гэх буудлын 508 тоот өрөөнд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамт тусгаарлагдаж байсан юм. Харамсалтай нь хүү 2020 оны 9-р сарын 14-нд буудлын өрөөнд байсан шүүгээнд гараа хавчуулж, улмаар гурван хурууных нь шөрмөс тасарчээ. Буудлын ажилтнуудад энэ тухай хэлэхэд буудалд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх юу ч байгаагүй байна. Ингээд ГССҮТ-өөс эмч ирж үзээд, оёжээ.
Хүүгийн гарыг оёсон эмч хэлэхдээ, "гурван хурууных нь шөрмөс тасарсан. Хагалгаанд оруулахгүй удвал наалданги үүсэж, шөрмөс залгах боломжгүй болно. Шөрмөс залгасан ч хуруунууд нь насан туршдаа хөдлөхгүй болох эрсдэлтэй. Тиймээс шөрмөс суулгах хагалгаанд яаралтай оруул"гэжээ.
Ингээд хүүгийн ар гэр улсын онцгой комисс, эрүүл мэндийн яаманд энэ талаараа дуулгаж, өргөдөл гаргасан байна. Гэтэл хүүг хагалгаанд оруулахаар эмнэлэг рүү шилжүүлвэл хагалгаа хийсэн эмч нарыг 21 хоног тусгаарлах болно тиймээс боломжгүй гэсэн байдаг. Харин ийнхүү УОК, ЭМЯ хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүмжлүүлсний эцэст хүүг хагалгаанд оруулах боллоо.