Эрчим хүчний хэмнэлтийн стандарт шаардлагыг 20 хувиар давуулан биелүүлсэн 10 гаруй амины орон сууцны загвар төслийг шалгаруулна. Тэдгээрээс худалдан авах хүсэлтэй иргэдэд зориулж санхүүгийн дэмжлэг, зээлийн бүтээгдэхүүн гаргах туршилтын төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
Төслийн хүрээнд гэр хорооллын иргэд зураг төсөл нь бэлэн 10 амины орон сууцны загвараас сонголтоо хийнэ. Мөн банк болон гүйцэтгэгч барилгын компанитай гэрээ байгуулан бариулах тохиолдолд банкнаас 8-12 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгох юм. Тус туршилтын төслийн хүрээнд дээд тал нь 60 өрхөд хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Төсөлд хамрагдахад:
- Гэр хороололд байнга оршин суудаг, газраа өмчилсөн байх
- Сууцны үнийн 20 хувьтай тэнцэх урьдчилгаа төлбөрийг гаргах
- Орон сууцны бусад төслүүдэд хамрагдаагүй байх
- Банкны ипотекийн зээлийн шаардлага хангасан байх шаардлагатай юм.
Энэхүү төслийг хэрэгжүүлэхээр Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Монголын Банкны Холбоо болон Тогтвортой Санхүүгийн Холбоо нар хамтарч ажиллах юм.